Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шүүнэ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон юм.
Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан 10 хүртэлх гэрчтэй, хаалттай болох юм.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.