Энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Бостон хотод олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээний пара ангилалд манай улсын тамирчид орж амжилт гаргажээ. Амжилт гаргасан хоёр тамирчдыг Биеийн тамир спортын улсын хорооноос шагнаж, урамшууллаа. Энэ үеэр бид тамирчдаас зарим зүйлийг тодруулсан юм.
Марафон гүйлтийн олон улсын мастер Б.Ванданпүрэвийн хувьд энэ спортоор 2009 оноос хойш хичээллэсэн байна. Улмаар Пара хөнгөн атлетикийн Монгол улсын аваргад 11 удаа түрүүлжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Биеийн тамир спортын улсын хорооны жуух бичгээр шагнагдлаа. Миний гаргасан амжилтыг үнэлээд жуух бичгээр шагнаж байгаад маш их баяртай байна. 2021 онд би баруун нүдээ гэмтээсэн. Энэ нүд маань хараагүй шүү дээ. Хараагүй ч гэсэн би 3 цаг 19 секунд гүйж Берлинийн марафон ангилалд түрүүлсэн. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явахад хүндрэлтэй зүйлүүд гардаг. Марафон гүйлт бол жилийн дөрвөн улиралд хийгддэг спорт. Дунд нь хаяна гэсэн ойлголт байхгүй. Хүнд спорт юм. Сэтгэл зүй, бие бялдарын гээд хувьд тун амаргүй.
Би марафон гүйлтийн төрлөөр паралимпын аварга болохыг зорьж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэртээ зүгээр сууж байдаг хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүн бий шүү дээ. Тэдгээр хүмүүс заавал спорт гэхгүй чадах зүйлээ хийгээд ажлын байран дээр гарч болно. Гэхдээ энэ хүн ийм байна. Чи гараад гүй гэвэл хэн ч чадахгүй шүү дээ. Чаддаг зүйлээ олоход нь гэр бүл эргэн тойрны хүмүүс нь урмаар тэтгэж дэмжих хэрэгтэй байдаг. Хувь хүний хувьд хамгийн гол нь тууштай л байх чухал. Явсан бол тэр чигтээ эцсийг нь үзэх хэрэгтэй” гэлээ.
Мөн үеэр Ахиллис монгол олон улсын байгууллагын менежер Б.Батзориг, “Би марафон гүйлтээр найм дахь жилдээ хичээллэж байна. 2015 оноос хойш 10 гаруй олон улсын тэмцээнд оролцсон. Дөрөвдүгээр сарын 18-нд дэлхийн топ зургаан марафон тэмцээний нэг болох Бостоны марафонд оролцоод ирсэн юм. 170 гаруй улсын 25 мянга гаруй тамирчид оролцсон тэмцээн. Түүний пара ангилалд хоёрдугаар байр эзэлсэн. Миний хувьд гарын тайралттай. Хөлөөрөө гүйчихдэг болохоор нэг их асуудал байхгүй. Би гараа тайруулчхаад 7-8 жил нууж явдаг байсан. Халаасандаа гараа хийж явдаг. Хоол унд идсэн ч буруу харж суугаад иддэг. Ганцаараа л хоолоо идэж, нууцлагдмал байдаг болчихсон юм. Спортоор хичээллэснээс хойш гараа хаана ч гаргасан ичихгүй болсон. Бэрхшээл биш гэдгийг л ойлгосон юм” гэлээ.