“Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.
Тэд “Залуучуудын холбооны байрыг эмнэлэг юм уу, цэцэрлэг болгож өгөөч гэж хүсмээр байна. Ашиггүй ажилтны орон тоо маш их байна. Тэргүүн, дэд дарга нар олон байгаа. Тэднийг УИХ-ын гишүүд хамгаалдаг. Сонгуулиар цүнхийг нь барьдаг нөхөд томилгоогоор очсон байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль урагшлахгүй байна. Энэ хуулиа баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол монголчууд бид Засгийн газрыг огцруулах биш УИХ-ыг тараах тухай ярих болно.
Нийгмийн даатгалын сан тогтолцооны хямралд орсон байна. Өр тавьж байж тэтгэврээ тавьж байгаа гэхэд хилстэхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо арилжааны банк руу шилжүүлдгийг болих хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Тэд УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй бол бид Монгол орон даяар хөдөлгөөн өрнүүлнэ гэж хэллээ.