Элон Маск Твиттерийг худалдаж авах санал нь амжилттай болбол ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг сэргээнэ хэмээн мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маск өнгөрсөн сард Твиттерийн удирдах зөвлөлтэй 44 тэрбум ам.доллароор платформыг нь худалдан авах санал тавьсан билээ.
Уг хэлцэл хараахан хийгдээгүй байгаа ч ойрын 2-3 сарын дотор дуусгах хүсэлтэй байгаагаа Элон Маск илэрхийлж байв.
Твиттерийнхэн АНУ-ын ерөнхийлөгч асаны хаягийг блоклосон нь "ёс суртахууны хувьд буруу, туйлын тэнэг хэрэг байсан" гэж Элон Маск Financial Times Future of Car дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ.
2021 оны нэгдүгээр сард Капитол руу халдсаны дараа Ерөнхийлөгч Трампын хаягийг "хүчирхийллийг цаашид өдөөх эрсдэлтэй тул бүрмөсөн хаасан" юм.
Элон Маск "Би Трампын хаягийг сэргээнэ. Гэхдээ би Твиттерийг хараахан эзэмшээгүй байгаа учраас одоо шууд нээж чадахгүй" гэжээ. Мөн ерөнхийлөгч асан Трампын хаягийг хориглосон нь түүнийг чимээгүй болгосонгүй, харин ч түүнийг өөрийн Truth Social платформтой болж, хэт барууны үзэлтнүүдийн дунд түүний дуу хоолойг өсгөсөн” гэнэ.
Твиттер алгоритмаа бусадтай хуваалцаж, хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах замаар хэрэглэгчидтэйгээ илүү их итгэлцэл үүсгэх хэрэгтэй гэж Элон Маск дүгнэжээ.
Эх сурвалж: BBC News