УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хийлээ.
Тэрбээр, “2015 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу төрийн өмчит 20 гаруй компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон.
Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
Авлигатай тэмцэх газраас 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Засгийн газарт ирүүлсэн. Уг “Мөрдөгчийн мэдэгдэл”-д “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейсмент” ХХК-д давуу байдал бий болгон хууль зөрчсөн учраас гаргасан алдаа дутагдлаа залруулах арга хэмжээ авахыг сануулсан.
Иймд Засгийн газраас нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны 124 дүгээр тогтоолоор "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасах саналыг Улсын Их Хуралд оруулж байна.” гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн нар асуулт асуулаа.
Үйлдвэрийг анх 41 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Гэтэл одоо 295 тэрбум төгрөгийн өр бүхий компани болчихсон байтал хувьчлалыг буцаах нь зүйтэй эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсгийнхэн хариулт өглөө.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариултдаа, “Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргахыг хориглосон байдаг. Тухайн үед төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлдвэрийг 1.4 тэрбум төгрөгөөр хувьчилсан.
41 тэрбум төгрөгийн хувьд үлдсэн мөнгө нь хуримтлагдсан өрийг төлөх нөхцөлтэй байсан. Гэтэл хуульд заасан хугацаанд өр төлбөрийг төлөөгүй байсан. “Бейсмент” ХХК нь үйлдвэрийн техникийг шинэчлэх нэрийдлээр 61.3 сая ам.долларын зээл авсан ч зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү, алданги, ханшийн зөрүү зэргээс үүдэн өрийн хэмжээ 326 тэрбум төгрөгт хүрсэн. Өмч хувьчлалыг хууль зөрчиж хийсэн нь нотлогдож байгаа учраас хувьчлалыг буцаах шийдвэр гаргаж байна” хэмээн дурдав.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.