Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албанд ноён Ян Вытопилийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ян Вытопил Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад томилогдоод дөрвөн сар болж байгаагаа уулзалтын эхэнд танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар туршлагатай, мэргэжлийн дипломатч Монгол Улсад томилогдсон ноён Ян Вытопилд баяр хүргэж, Бүгд Найрамдах Чех Улс нь манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш юм гээд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр, КОВИД-19 цар тахлын халдварын дэгдэлт буурч, хорио цээрийн арга хэмжээ суларч байгаа энэ үед хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Манай хоёр улс худалдаа, хамтын ажиллагааны арвин түүхтэй боловч 2021 онд худалдааны эргэлт дөнгөж 13 сая орчим ам.долларт хүрсэн. Иймд хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх арга замыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Элчин сайд Ян Вытопил Улсын Их Хурлын даргатай санал нэг байна гээд хоёр улсын харилцааг худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.