Тавдугаар сарын нэгнээс улс даяар эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээнд иргэдийг хамруулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан бид өрхийн эмнэлгээс 0-17 насны хүүхдүүд хэрхэн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдаж байгаа талаар мэдээлэл авлаа. Мөн, 18-30 насны иргэд шинжилгээндээ хэр хамрагдаж буй, эдгээр насны хүмүүсийн дунд зонхилж байгаа өвчлөлийн талаар тодрууллаа.
Энэ талаар “Энх титэм” өрхийн эмнэлгийн их эмч Б.Эрдэнэсүрэн, "0-5 насны хүүхдэд эмч өөрийнхөө өдөр тутам үздэг үзлэгийг хийнэ. Хүүхдийн өсөлтийн үнэлгээг гарган, жин өндрийг үзээд биеийн жингийн индексийг үнэлнэ гэсэн үг. Дараа нь зан төрхийн үзүүлэлт хийх юм. Програм дээр нас насных нь онцлогт таарсан асуулт гарч ирнэ. Мөн шүдний үзлэг хийж байгаа.
Эцэг эхчүүд нэгэнт шинжилж байгаа юм чинь эмчилгээг нь хийлгэмээр байна гэсэн хүсэлттэй байна. Өрхийн эмнэлэг нөгөө л үздэг үзлэгээ хийж байна гэсэн хандлагатай байна..
Компьютер утасны хэрэглээ маш их болчихсон шүү дээ. Багаасаа хараа муу хүүхдүүд их болсон байна. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх учраас ямар ч яарах зүйл байхгүй. Хүүхдүүдээ нас насаар нь ангилаад, өдөрт 20 хүүхэд оруулж байгаа" гэв.
Мөн бид 18-30 насныхны шинжилгээндээ хамрагдах нөхцөл байдлын талаар Clinico medical эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
Тэрбээр, “Улсын болон хувийн хэвшлийн бүх эмнэлгүүд эрт илрүүлгийн үзлэг явуулах ажил эхэлсэн байгаа. Товлолын тоо бол 18-30 насны эрэгтэй болон эмэгтэй хүмүүс хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгал төлсөн. Гэтэл эзлэх хувь нь бага байна. Оролцоо муу байна гэж үзэж байна. Яагаад гэвэл өдөрт 10 хүрэхгүй хүн л ирж байна. Залуус идэвхтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хүн өөрөө цаг заваа гаргаж ирэх ёстой гэж бодож байна.
Нэг удаагийнхаа хатгалтаар элэг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ авах ёстой. E-Mongolia дээр тухайн хүндээ зөвлөмжийн эмч эрсдэлийн эмч нь үнэлээд дүгнэлтээ өгөөд явах юм.
Залуучууд ерөнхийдөө их таргалалттай байна. Даралт өндөртэй залуучууд өөрсдөө мэдэхгүй их явдаг юм байна" гэлээ.
Харин Clinico medical эмнэлгийн дүрс оношилгооны эмч А.Чинзориг,
"Манай эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Ихэвчлэн Солонгос болон Хятадын аппаратууд суурилагдсан. Мөн Германы аппарат суурилагдсан байгаа. Манайд биеийн жингийн индекс, хүний биед агуулагдаж байгаа эрдэс, өндөр нам, эрдсийн усны эргэлтийн эзлэхүүнийг өөрөө бодож гаргадаг төхөөрөмж байгаа. 2021 оны хамгийн сүүлийн үеийн аппарат юм.
Хүний даралтыг нь үзэхэд гурван минут дангаараа болчихно шүү дээ. Маш олон зүйлийг богино хугацаанд гаргаад ирж байгаа. Өөрөө давхар бодолт хийдэг. Эмчийн ажлыг маш их хөнгөвчилж байгаа гэсэн үг. Хамгийн сүүлд нь принтерлээд л бүх хариуг нь гаргаад ирнэ" гэсэн юм.