Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хэдэн зүйл тодруулъя. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хувьд улсынхаа дүнгээр буугаагүй байх юм. ААН байгууллагын ажилтан, ажил олгогч шимтгэл өгөх нь 2020 оноос 2021 онд 200 мянгаар буурчихсан байх юм.
Ахмад настан, хүүхдийн ЭМД-ийн шимтгэлийг төр хариуцдаг. Төр хариуцдаг иргэдийн тоо 500 мянгаар өсчихсөн байна. Ахмад настан, хүүхдүүдийн тоо нэг жилд огцом 500 мянгаар нэмэгдмээргүй юм. Та бүхэн үүнийг юу гэж үзэж байна вэ? Бид ЭМД-ын ерөнхий газрыг дэмжье гээд төсөв, орон тоог нь нэмэгдүүлж өгсөн. Сая сайдын ярьж байгаагаар би буруу ойлгоогүй бол 170 орон тоо байхаар тооцож баталсан гэтэл ЭМД-ын ерөнхий газар чинь 153 ажилтантай гэж байна шүү дээ. Орон нутгийн хэлтэс, бүтцийг чадавхжуулах, нэмэгдэж байгаа орон тоог ихэнхийг нь хөдөө орон нутагтаа ажиллуул гэж өнгөрсөн жил байнгын хороо чиглэл өгсөн шүү дээ. Тэгээд эндээс харахад хөдөө орон нутагт аймагт нэг, хоёр хүн байдаг хэвээрээ л байгаа юм байна л даа. Энэ харьцаа чинь арай дэндэж байгаа юм бишүү. Нэмэгдсэн орон тоогоо хөдөө орон нутаг руугаа явуул гэсэн та бүтцийг нь батлаад шинэчлээд явуулна гээд байсан энэ чинь хэрэгжихгүй байгаа юм уу. Эсрэгээрээ яваад байгаа юм уу, би буруу хараад байна уу.
Төр хариуцаж байгаа иргэнийхээ шимтгэлийг төсвөөс өгдөг энэ ямар гүйцэтгэлтэй байна вэ? ЭМД-ийн сангийн зардлын гүйцэтгэл гээд анхан шатны тусламж үйлчилгээ 198 тэрбум, эрүүл мэндийн байгууллагад оруулах тусламж үйлчилгээ, санхүүжилт 855 тэрбум төгрөг байна. Үүнийг өмчийн хэлбэрээр гаргаж танилцуулахгүй юу. Төрийн мэдлийн эмнэлгийн байгууллагууд хэчнээн тэрбум зарцуулсан, хувийн хэвшлийнх нь хэдэн тэрбум байна, өрх, сумын эмнэлгүүд хэдэн төгрөг авч байна вэ гээд задлаад тайлангаа гаргаж өгмөөр байна" гэж хэллээ.