Дэлхийн хамгийн том наадам гэж хэлж болохуйц Каннын кино наадамд “Том Толгойтын адал явдлууд” цуврал киноны гол дүрийн жүжигчин О.Эгшиглэнт-Од, С.Бишрэл нар уригдаж оролцохоор болжээ. Тэдний хувьд каннын кино наадамд уригдаж буй анхны young artist буюу хүүхдүүд юм. Бид эдгээр залуу уран бүтээлчидтэй уулзаж энэхүү үйл явдлын талаар болон кино бүтсэн түүхийг ярилцлаа.
Энэ талаар залуу жүжигчин С.Бишрэл,
“Сайн байцгаана уу? Би одоо 15 настай Бишрэл байна. Герман Монголын хамтарсан 38 дугаар сургуульд сурдаг. Анх тавдугаар ангид буюу 10 настай байхдаа кинонд тоглож байсан. Хамгийн хэцүү зүйл нь их уйлдаг, уйланхай хүүхдийн дүр бүтээх байсан. Кинонд тоглоод таван жил болж байгаа. Хажуугаар нь дуу дуулдаг. Ээгий бид хоёр “Том” гээд хамтлагтай. Одоогоор 30 гаруй дуу 20 гаруй клиптэй. Манай Том зургаан толгой киноны маань OST Youtube дээр 20 гаруй сая үзэлттэй.
Миний бодлоор одоогийн хүүхдүүдэд дутагдаж байгаа зүйл гэвэл хэтэрхий ичимтгий байна. Бид хоёр дээр саяхан нэг хүүхдийн ээж нь ирээд, “та хоёр манай хүүхдийн шүтээн нь байна” гээд зураг дарах гэсэн чинь, хүүхэд нь зургаа даруулахгүй ээжийнхээ араар нуугдаад байсан. Монголд хүүхдийн уран бүтээл их ховор байдаг. Манай кинонууд маань үргэлж зөв үлгэр дууриалал үзүүлдэг. Миний хувьд багадаа кинонд тоглоно гээд сүртэй боддоггүй байсан. Манай эмээ жүжигчин болно гэж боддог байсан гэсэн. Арай болж амжаагүй. Тэгээд эмээгийнхээ болон өөрийнхөө хүслийг биелүүлээд ээж аав гэр бүл найз нөхдийнхөө хамтаар кино хийдэг” гэлээ.
Харин залуу жүжигчин О.Эгшиглэнт-Од, “Хамгийн анхны кино болохоор мэдэхгүй зүйл олон байсан. Анги ахих тусам мэдэхгүй чадахгүй зүйлсээ сураад явж байгаа. Сүүлд хийсэн “Том тоглоом” кино маань Монголын урд хойд хязгаар буюу Өмнөговь, Хөвсгөлд зургаа авсан. Хөвсгөлд очиход өвөл байсан болохоор маш их даарсан. 30 хувь нь график, вишуал эффекттэй хийсэн болохоор ногоон тайзан дээр жүжиглэсэн. Ногоон тайзан дээр жүжиглэхэд их мэдрэмж шаарддаг юм билээ. Би ирээдүйд найруулагч болохыг мөрөөддөг. Одоо туршлагаа хуримтлуулж байгаа.
“Том тоглоом” кино маань нөхөрлөлийг харуулсан кино. Жинхэнэ сайн найзууд нэгнийхээ арыг даадаг. Дутууг нөхөж чаддаг. Нэгнийхээ алдааг хэлдэг. Тийм байх юм бол гоё гэж боддог. Энэ удаа манай соёлын дистрибьютор хамтран явж байгаа. Нэгээс дөрөв хүртэл бүх ангийг маань ивээн тэтгэсэн Монс хүнс компанийн ах эгч нартаа баярлалаа” гэв.
Мөн бид Каннын кино наадамд оролцох гэж буй талаар Brosis pictures кино компанийн найруулагч Д.Болорцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр, “Каннын кино наадам, marche du film киноны захад “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” үлгэрийн киногоороо оролцохоор явж байгаа. Энэ нь Монгол улсын кино урлагийн салбарт маш ач холбогдолтой. Манай дөрөв дахь анги “Том тоглоом, гурван эрдэнийн эрэлд” үлгэрийн кино маань 30 хувь компьютер график ашигласан кино. Энхнээсээ бидэнтэй холбогдож байгаа компаниуд Монголын киноны компьютер график ийм гайхалтай түвшинд хөгжсөн гэж бодсонгүй гэдэг. Энэ үгнээс эхлээд бид анхаарлын төвд ороод байна” гэсэн юм.