Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
Энэ жил 52,747 иргэнд 50.7 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Тодруулбал орон сууцны буцаан олголтыг 32,270 иргэнд 43.2 тэрбум, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 20,477 иргэнд 7.5 тэрбум төгрөг шилжүүлэх аж.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.