
АНУ-ын гурван жуулчин Багамын арлын нэгэн амралтын газарт бие нь муудсаны улмаас нас барж, өөр нэг жуулчин онгоцоор эмнэлэгт хүргэгдсэн гэж арлын албаныхан мэдэгдлээ.
Багамын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Честер Купер энэ талаар хийсэн мэдэгдэлдээ цагдаа нар мөрдөн байцаалт явуулж байгаа. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч "сэжигтэй гэх зүйл байхгүй" гэжээ.
Хохирогчдын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлээгүй байна. Эрүүл мэндийн сайд, доктор Майкл Дарвилл бямба гаригт Eyewitness News Bahamas-д хэлэхдээ, нэрийг нь нууцалсан зочид буудлын зарим зочид пүрэв гарагт дотор нь муухайрах, бөөлжих шинж тэмдэгтэй эмнэлэгт очиж, эмчилгээ хийлгэж, явсан. Дараа нь ийм шинж тэмдэг илэрсэн гурван хүн нас барсан гэдгийг тогтоосон гэжээ. Харин дөрөв дэх хохирогч Нью Провиденсын эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн эрдэмтэд, эмч нар болон бусад хүмүүс Атлантын арлын улсад судалгаа хийж эхэлжээ.
Сайд Дарвилл хэлэхдээ "Бидний харж байгаа зүйл бол тодорхой газар нутагтай холбоотой тусгаарлагдсан тохиолдол гэж бид үзэж байна" гээд судлаачид өвчний шалтгааныг тогтооход туслах хор судлал, цусны шинжилгээ хийж байгааг нэмж дурдсан байна.
Ерөнхий сайдын Тамгын газрын Харилцаа холбооны дарга Латрае Л.Рахминг твиттер хуудсандаа амиа алдагсдыг Эксума дахь Sandals хэмээх жижиг аралд амарч байсан хэмээн жиргэжээ.
Sandals-ийн төлөөлөгч "People" сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ үйлчлүүлэгчдээс нь нас барсныг баталж, тус компани "мөрдөн байцаалтын ажиллагаа болон зочдын ар гэрийнхэнд бүх талаар дэмжлэг үзүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байна" гэж мэдэгдсэн аж.
Эх сурвалж: The Guardian