Ирландад Англи хэлний бэлтгэл сургалт болон бусад их дээд сургуульд суралцахаар очсон оюутнууд түрээсийн байр олдохгүйн улмаас гудамжинд хоног төөрүүлж эхэлжээ.
Оюутнуудын заримд нь амьдрах байр олдохгүй, эсвэл түрээсээ төлж чадахгүйн улмаас сургалт, сургуулиа төгсөлгүй өөр улс руу шилжихгүйгээр эх орондоо буцах сонголт хийх нь ихэсжээ.
Ирландын гадаадын иргэдийн хяналт шалгалтын ажилтантай ярилцсан нэг оюутан саяхан Корк хотын төвд хоёр шөнө гудамжинд унтсан гэдгээ хэлсэн бол Дублин дахь өөр нэг оюутан түүний цорын ганц сонголт байсан тул хоног төөрүүлэх газар болгохын тулд 800 еврогоор хуучин машин худалдаж авчээ.
Гадаад оюутнууд түрээсийн өсөлт, орон байрны хомсдол, Ковид, амьжиргааны өртөг ихсэх зэрэгт нэрвэгдэж байна гэж мэдэгдэв. Гэхдээ энэ бүхнээс орон сууцны хямрал олон улсын оюутнуудад хамгийн хүнд цохилт болж байгаа аж. Ирландын Олон улсын оюутнуудын зөвлөл (ICOS) 2-р сард хийсэн судалгаагаар гадаад оюутнуудын тал хувь нь гурав ба түүнээс дээш хүнтэй нэг өрөөнд амьдардаг болохыг тогтоожээ. Мөн 10 хүн тутмын нэг нь зургаа ба түүнээс дээш хүнтэй нэг өрөөнд амьдрахаас өөр аргагүй болдог. 10 хүн тутмын нэг нь л өөрийн гэсэн өрөөтэй байсныг судлан тогтоожээ.
Үл хөдлөх хөрөнгийн судалгааны Daft-ийн 2022 оны эхний улирлын түрээсийн тайланд 2-р сарын эхээр улсын хэмжээнд 1400-аас цөөн үл хөдлөх хөрөнгө түрээслэгдэхээр байгааг тогтоожээ. Дублинд ердөө 712 үл хөдлөх хөрөнгө бэлэн байсан нь 2006 онд Daft-ийн бүртгэл эхэлснээс хойших хамгийн доод түвшин гэнэ.
Мөн Мюнстерт үл хөдлөх хөрөнгийн тоо урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрсэн байна. 2021 оны сүүлээр Daft-ийн түрээсийн дундаж үнэ улсын хэмжээнд 1524 евро байсан нь он гарсаар 10 гаруй хувиар өсчээ. Ирландын Хууль зүйн яамны мэдээлснээр өнгөрсөн жил англи хэлний дунд түвшний буюу гуравдугаар зэрэгт 11747 виз олгосон байна.
Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд ийм төрлийн 17217 виз олгосон бол энэ оны гуравдугаар сарыг дуустал 2662 виз олгож, Англи хэлтэй сургуулиуд, гэр бүлүүдийг зуны улиралд оюутан хүлээн авахыг уриалж байгаа аж.
Дублин дахь Атлас англи хэлний сургуулийн эзэн, захирал Нико Доулинг хэлэхдээ, хэд хэдэн оюутнууд Мальта дахь сургуулийн коллежид шилжсэн бөгөөд тэнд байрлах байрны дарамт тийм ч хүнд биш учир ийм сонголт хийсэн гэдгийг онцоллоо.
Ногоон намын хэвлэлийн төлөөлөгч, Ойреачтасын орон сууцны хорооны дарга Стивен Мэттьюс хэлэхдээ, Украинд болсон хүмүүнлэгийн хямралын улмаас энд байрлах байрны дарамт нэмэгдэж байна гээд "Бид Украины оршин суугчдыг чанартай, урт хугацааны орон сууцаар хангах үүрэгтэй. Гэхдээ энэ нь бас амаргүй ажил байх болно" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Irish Examiner