Индонез улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр үхлийн аюултай элэгний өвчнөөр гурван хүүхэд нас баржээ. Шалтгаан нь тодорхойгүй уг өвчний улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо дөрөв болж нэмэгдлээ.
Сүүлийн долоо хоногт дэлхийн 11 орны 170 орчим хүүхдээс цочмог гепатитын хүнд хэлбэр илэрсэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) энэ өвчнийг "үл мэдэгдэх гарал үүсэлтэй” гэсэн анхааруулгыг хүргүүлээд байна.
Хүүхдүүдэд элэгний үрэвсэл илрэхээс өмнө дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч буй. Индонезийн Эрүүл мэндийн яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн сард нийслэл Жакарта хотын эмнэлэгт хүргэгдэн ирсэн гурван хүүхдэд эдгээр шинж тэмдгийн зарим нь илрээд удалгүй нас барсан гэж мэдэгдэв. Мөн хүүхдүүд халуурч, шарлаж, таталт өгч, ухаан алдсан байна.
"Одоогоор Эрүүл мэндийн яам вирусын шинжилгээг бүрэн бүрэлдэхүүнээр явуулж, цочмог гепатитын шалтгааныг судалж байгаа аж.
Зөвхөн бага насны хүүхдүүдэд тохиолдож байгаа (ихэнх нь 10-аас доош насны хүүхдүүд) нь Ковид-19-тэй тэмцэж буй ДЭМБ-ийн санааг зовоож байна.
Их Британид өмнө нь эрүүл байсан бага насны хүүхдүүд, түүнчлэн Ирланд, Нидерландад хүүхдийн элэгний өвчний тохиолдол "санаанд оромгүй мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэж ДЭМБ мэдэгдэв.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн баасан гарагт Алабамагийн кластерт хийсэн судалгааг нийтэлсэн бөгөөд есөн хүүхдэд Аденовирус-41 хэмээх нийтлэг эмгэг төрүүлэгчийн шинжилгээ эерэг гарсан байна. Өвчин үүсгэгч нь хүүхдийн ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Элэгний үрэвсэл үүсгэдэггүй гэж тус төвөөс мэдэгдэв.
Аденовирус нь ихэвчлэн ойр дотно харьцах, амьсгалын замаар болон гадаргуугаар дамжин халдварладаг. Дэлхий дээр нийт 50 гаруй төрлийн аденовирус байдаг бөгөөд энэ нь ханиад тэргүүтэй олон өвчнийг үүсгэдэг байна.
Эх сурвалж: CBS News