Монголын холимог тулааны тамирчин Д.Батгэрэл дэлхийн хэмжээний UFC-ийн тавцан дээрх ээлжит нэгэн тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо.
Д.Батгэрэл нь Монголын хамгийн анхны UFC тамирчин ба холимог тулааны төрөлд маш амжилттайгаар өрсөлдөж байгаа бөгөөд түүний дараагийн тулаан ирэх сарын 11-ны өдөр Сингапур улсад болох юм байна. Энэхүү тулаан нь Д.Батгэрэлийн UFC дэх 6 дахь тулаан бөгөөд түүний дараагийн тулалдах өрсөлдөгч бол Солонгос улсын холимог тулааны тамирчин “Kang Kyung-ho” юм.
Дэлхийн хэмжээний тавцан дээр өрсөлдөж буй Шуурга хочит Д.Батгэрэл нь UFC-ийн тулаануудад ээлж дараалан гайхалтай ялалтуудыг байгуулж байсан түүхтэй. Тухайлбал, 2020 онд Аргентин улсын тамирчин Guido Cannetti-тэй тулалдан эхний үеийн 3 минут 1 секундэд хүнд цохилтоор ялалт байгуулж байсан бол үүний дараа 2021 онд АНУ-ын Kevin Natividad тамирчинтай тулалдан эхний үеийн 50 секундэд мөн адил хүнд цохилтоор ялалт байгуулж байсан түүхтэй юм.
Үүгээр ч зогсохгүй Шуурга хочит Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулааны төрөлд нийт 15 удаа тулалдсанаас 12-т нь ялалт байгуулсан гайхалтай тамирчин билээ.