ШШГЕГ-ын дарга Д.Загджав төрийн хэмнэлтийн үед төсвийн мөнгөөр Соёмбо гэх шинэ чуулга байгуулжээ. Ингээд дуучин A Cool буюу Б.Анхбаярыг даргаар нь томилсон байна. Мөн энэхүү чуулгадаа 20 бүжигчин авч, 14 хоногийн сургалтад хамруулан офицер цол олгохоор бэлдэж байгаа аж.
Мөн дуучин А Сool-д хошууч цол өгнө гэх мэдээлэл ч байна.
Аливаа алба хаагч ажил үйлсээ үнэлүүлж, ахмад цолоо аваад, үүнээс хойш дунджаар 2-3 жилийн дараа Хошууч цолны болзол хангадаг. Гэтэл уран бүтээлч залуу A Cool шинэ чуулгад даргаар томилогдогцмоо энэ цолд хүрч буй нь шударга бус үйлдэл хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Бид чуулгыг ахалж ажиллах болсон Б.Анхбаяртай холбогдож түүнийг ямар чиг үүрэгтэй ажиллах, чуулга ямар зорилгын хүрээнд бий болсон талаар тодрууллаа.
Тэрбээр, “Чуулгын үйл ажиллагаа эхэлсэн зүйл одоогоор байхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ШШГЕГ-ын хэвлэлтэй холбогдоод зөвшөөрөл аваарай. Энэ ажил яг ч шийдэгдсэн юм биш. Төсвийн хэмнэлтийн хүрээнд асуудалтай байгаа юм билээ. Бид хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх зорилготой л ажиллана. Энэ хүрээнд 20 бүжигчин авсан. Чуулгад ажиллах нийт ажилтнуудыг 14 хоногийн тусгай сургалтад суулгаж бэлдэж байгаа. Үүнээс илүүг ярьж чадахгүй” гэв.
Төсвийн мөнгийг хэмнэх хэрэгтэй байгаа энэ цаг үед яагаад дуу бүжгийн чуулга нээж буй талаар бид ШШГЕГ-ын дарга Д.Загджаваас тодруулахаар хоёр өдрийн турш залгаж, мессеж бичсэн. Харин тэрээр ямар нэгэн хариу өгөөгүй юм.
Ингээд хэвлэлийн ажилтан н.Баясгалантай холбогдож мэдээлэл авах хүсэлтээ өгсөн боловч эргээд холбогдъё гээд утсаа авахаа болив.
Генерал цолонд горилж буй Д.Загджав төсвийн мөнгийг ийнхүү дуу бүжигт зарцуулахаар зэхэж байна.