Энэ сарын 30-ны өдөр НҮБ-ын хүмүүнлэгийн элч, Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли Львов хотод очсон. Тэрбээр НҮБ-тай хамтран олон жил дүрвэгсдэд тусалж байгаа буй юм.
Анжелина Жоли дөрөвдүгээр сарын нэгэнд Ром дахь Бамбино Гесу хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй Украины дүрвэгсэд дээр мөн очжээ.
Бориславт тэрбээр Луганск мужаас нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүдийг орогнуулж буй "Гармония" хэмээх нөхөн сэргээх төвд очсон байна. Анжелина Жоли өмнөх өдөр нь Львов дахь сайн дурын ажилтнууд болон дүрвэгсэдтэй уулзжээ. Мөн шархадсан хүүхдүүд эмчлүүлж буй эмнэлэгт очсон юм. Түүнийг Львовт байх хугацаанд агаарын түгшүүр зарласан тул багаараа хоргодох байр руу яаралтай очихоос өөр аргагүй болжээ.
Тэрбээр Инстаграмдаа "Намайг Львов хотод байхад бяцхан охин надад нэг онцгой чулуу харуулсан юм. Охины тоглож байсан тэр чулуу нь тэсрэх бөмбөгний хэлтэрхий байсныг тэр ойлгохгүй байсан.
Краматорскийн галт тэрэгний буудалд болсон бөмбөгдөлтийн үеэр шархадсан хүүхдүүдийн биеэс тэсрэх бөмбөгний хэлтэрхийнүүд түүж авсан. Их өвддөг, хүнд ажилбар. Амин чухал эрхтнүүдтэй ойрхон байсан хэлтэрхийнүүдийг авахад хэтэрхий аюултай. Тиймээс зарим хүүхдийн биеэс авалгүй үлдээсэн.
Хүүхдийн бие махбод, сэтгэл санааг гэмтээх хэмжээний ийм хохирол учруулах нь маш утгагүй” гэжээ.
Анжелина Жоли саяхан Львов хотын нэгэн кафед зочилж, Украинчуудыг гайхашруулсан юм. Энгийн, даруу хувцасласан түүний кафед орж ирж буй бичлэгийг нэгэн иргэн фэйсбүүктээ байршуулсан байна. Анжелина Жоли тус кафед шүтэн бишрэгчдэдээ гарын үсгээ зурж өгсөн аж.
Дайны үеэр Украинд ирж буй АНУ-ын алдартан зөвхөн Жолигоор тогтохгүй. Жүжигчин Шон Пенн мөн Украинд ирж, Зеленскийтэй уулзсан. Тэрбээр баримтат киноныхоо зураг авалтад оролцохоор иржээ. Киев халдлагад өртөөд байсан тул Пенн болон түүний багийнхан Польшийн хил хүртэл олон км алхсан байна.