Саид Моллай албан ёсоор Азербайжаны нэр дээр барилдахаар боллоо.
Энэ сарын 5-нд Азербайжаны жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тун удахгүй шинэ тамирчнаар бүл нэмж магадгүй байгаа талаар Azerisport.com сайтад мэдээлсэн юм. Түүнд мэдээлснээр, жүдоч Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын шигшээ багийг төлөөлөн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл илгээсэн байна.
Тамирчныг хүсэлтийнх нь дагуу Баку хотод урьж, тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн цугларалтад оролцож, эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ.
Дашрамд дурдахад, 81 кг-ын жинд барилдаж буй, өдгөө 30 настай Моллай Иранд төрсөн, Азербайжан гаралтай. 2019 оноос хойш Монголын шигшээ багт харъяалагдаж, 2020 оны олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.