"Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр /2022.05.03/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон.
Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Сүхбаатарын талбай дээр нэг залуу өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Тэр залуугийн талаар мэдээлэл авахад цахим тоглоомд донтсон, өрд орсон. Улмаар өр нэхэгдсэн тул давж чадалгүй өөр дээрээ шатамхай шингэн асгаж, амиа хорлохыг завдсан байна. Мөрийтэй тоглоомоос болж ийм хүнд байдалд орсон маш олон залуус байгаа.
Бид хөөцөлдөж байгаад мөрийтэй тоглоомчдыг гүйлгээгээр нь олж тогтоохоор данс эзэмшигч нь орон гэргүй хүн байдаг. Түүний бичиг, баримтыг ашиглаад данс нээлгэчихсэн гэсэн үг. Мэдээж хоорондын тохиролцоо байгаа. Тэр дансаар нь сард хэдэн арван сая төгрөг орж, гарсан байдаг. АТМ дээрээс гүйлгээ хийж байхад нь ч барьж авсан. Сүүлдээ төлбөр тооцооны хэрэгсэл нь биткойнд шилжсэн.
Бид хориглох гээд янз бүрээр үзэж байна. Мөрийтэй тоглоомыг хуулиар зохицуулж чадвал залуучуудын спортын мэдлэг сайжирна гэж харж байгаа" хэмээсэн юм.