УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зохицуулалтыг оруулжээ. Үүнд:
- Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн нэр томьёотой нийцүүлж, хууль хоорондын болон хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгаж, уялдаа холбоог хангах;
- Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;
- Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан.
- Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгав;
- Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах субъектийг тодорхойлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулав; Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох зохицуулалтыг тусгасан болно.
- Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгалаа; Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан болно.
- Бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгалаа;
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг тухайн үндэсний спортын төрлийн мэргэжлийн холбоодод олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүллээ;
- Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар уг хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.