“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр н.Цэрэнлхам охины ээж ярихдаа, "Монгол Улс хүүхдээ орхичихож. Би дөрвөн сар хандивын аян явуулсан. Манай хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа. Би тэнд нэг сар байхад миний нүдний өмнө 10 хүүхэд амиа алдсан. Өнөөдрийн нийгэмд хүүхдүүд маань хаягдчихаад байна.
Хүүхдийн сан, фондууд их байдаг. Хүүхдийн фондын мөнгө яг юунд зарцуулагддаг юм бэ. Фондоос мөнгө гаргаж, яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа хүүхдүүдийг явуулах хэрэгтэй. 10 мянган ээжээс гарын үсгийг цуглуулж, НҮБ-д хандана. Учир нь зөвхөн миний хүүхэд биш өчнөөн хүүхэд ийм байдалтай байна.
Монголчууд хүчтэй учраас хандивын мөнгөөр зарим хүүхдийн эмчилгээний зардал босож байна. Гэхдээ өвдсөн хүүхдүүдийн ээж аав болгон заавал талбай дээр хандив гуйж, уйлж сууж байж гадаад руу явах эмчилгээний зардлыг олох ёсгүй шүү дээ.
Үнэнийг хэлэхэд, хүүхэд хэрвээ ургийн гажигтай төрж байвал төрөөс иргэдээ эрүүлжүүлэх бодлого баримталж ажиллах ёстой. Гэтэл төрснийх нь дараа ээжийн буруу мэт ярьдаг. Хүн тээж байгаа хойно эх хүн эрүүл хүүхэд гаргахыг л хүсэж, хичээнэ. Энэ байдлаараа байвал 3.4 сая хүн амтай Монгол Улс 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй болно.
Хүүхдийн төлөө фондоос эхлээд хөрөнгийг юунд зарцуулагддаг нь мэдэгдэхгүй хүүхдэд зориулсан олон сан манай улсад байдаг. Тэгвэл Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгөнөөсөө эмчилгээнд явах шаардлагатай 48 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд өгөөч гэж хүсье" гэх байр суурийг илэрхийллээ.