Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулах, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд цөлжилтийг бууруулах талаар уриалгыг дэвшүүлэн эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл өгөв.
Тэрбээр "Богд уулын аманд хэдэн мод тарьснаар Тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус улс орныхоо цөлжилтийг багасгаж, газар нутгийг ойжуулах нь чухал. Тиймээс мод тарих ажлыг Дорноговь аймгаас эхлүүлж Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн хойд хэсэг, Өвөрхангай, Баянхонгор болон Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Ялангуяа энэ ажлын хүрээнд говийн цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, анхаарах хэрэгтэй.
Элсэн цөл дээр Дубай хотыг сүндэрлүүлж, дэлхийн ард түмэн аялан жуулчилж байна. Монгол Улс ч эрдэнэс баялаг байгаа газар дээрээ үндэслэн шинэ ногоон хот байгуулах боломжтой" гэдгийг хэлсэн юм.
Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулах талаар хэлэхдээ "Эрдэнэт хотын жишгээр Оюутолгойг түшиглэсэн хот байгуулъя. Эрдэнэт хотын баялагт түшиглээд Оросын ард түмэн тухайн хотыг байгуулахад тусалж байсан. Одоо 100 гаруй хүн амтай сайхан хот болсон. Үүний жишгээр Оюутолгойн уурхайг түшиглээд Ханбогд суманд шинэ хот байгуулах боломж бий.
Өнөөдөр тус уурхайд хүйтэн нөхцөлд өдөр шөнөгүй ажилладаг цөөнгүй хүн бий. Тэд гэр бүл, үр хүүхдээсээ хол олон хоног ажиллаж байгаад сэтгэл зовж байна. Тиймээс шинэ хот байгуулах уриалгыг дэвшүүлж байна" хэмээн ярилаа.