БНХАУ-ын Чанша хотод барилга нурж хоёр хүн амиа алдан, олон хүн сураггүй алга боллоо. Энэ талаар Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн юм.
Хунань мужийн Чанша хотын зургаан давхар барилгын нурангид 14 орчим хүн дарагдсан гэж таамаглаж байгаа. Уг осолтой холбоотойгоор есөн хүнийг аварсан ч 39 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Барилгын газрын хайгуулчид аюулгүй байдлын талаар худал акт бичсэн гэсэн дүгнэлт хийжээ. Тиймээс зургаан давхар барилгын ажилтай холбоотой арван нэгэн хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн видео бичлэгт онцгой байдлын шинжээч Лян Бүгэ барилгын нурангаас гаргаж авсан хоёр цогцос "хүнд зүйлд дарагдсан" бөгөөд "тэдэнд хөдөлгөх арга байгаагүй" гэж мэдэгджээ. Тухайн өдрийн өглөө хэвлэл мэдээллийнхэн нурангин доороос нэг эмэгтэйг аварсан тухай мэдээлсэн.
Аюулгүй байдал болон барилгын стандарт сул, орон нутгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль зэрэг нь Хятадад хэд хэдэн барилга нурахад хүргэсэн. Тухайлбал, Энэ оны эхээр Чункуин хотод нэгэн барилгад хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болж 16 хүн нас барсан юм.
Чаншад нурсан зургаан давхар барилга нь ихэвчлэн орон сууцны зориулалттай байсан ч кино театр, зочид буудалтай байсан гэнэ.
Орон нутгийн гал түймрийн албаны хүн CGTN телевизэд хэлэхдээ, хүнд машин механизмын хог хаягдлыг зөөх зай багатай нь аврах ажилд саад болж байна. Мөн ослын улмаас эвдэрсэн зэргэлдээх барилгууд эцэстээ нурж унах эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC News