ОХУ, Украины дайны улмаас хоёр хөл, нэг гарынхаа дөрвөх хурууг алдсан сүйт бүсгүй хуримаа Львов хотын эмнэлэгт хийжээ. Сувилагч бүсгүй нөхөртөө тэврүүлэн бүжиглэж буйг дүрс бичлэгт буулгасан байна.
Сувилагчаар ажилладаг 23 настай Оксана Баландина гэртээ харих замдаа тэсрэх бөмбөг дээр гишгэн дэлбэрэлтэд өртжээ. Тэр өдөр Оксана найз залуу (одоо хууль ёсоор нөхөр нь болсон) Виктор Васильвын хамт алхаж явахдаа дэлбэрэлтэд өртсөн ч нөхөр нь бэртэж гэмтээгүй байна.
Оксана найз залуутайгаа Львов хотын эмнэлэгт хуримлан албан ёсоор эхнэр, нөхөр болжээ.
Гурав дахь сардаа үргэлжилж буй энэ дайнд амь үрэгдэж, тахир дутуу болсон хүний тоог албан ёсоор баттай гаргаж чадаагүй байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын мэдээлснээр пүрэв гарагийн байдлаар 2899 энгийн иргэн амиа алдсаны 210 нь хүүхэд, 3235 хүн шархадсан гэдгийг баталжээ. Гэхдээ бодит тоо илүү өндөр байх магадлалтай.
Эх сурвалж: SCMP