Америкийн гэрэл зургийн сурвалжлагч Тис 2012 онд Сирид байхдаа сураггүй алга болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тисийг буцааж авчрахын тулд "цөхөршгүй" зүтгэнэ гэж эцэг эхэд нь амласан байна. Тисийг Сирид барьцаалагдсан гэж үздэг.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Тис Оустиныг гэр бүл нь буцаан авчрахын тулд боломжтой бүх арга замаар үргэлжлүүлэн ажиллах амлалтаа дахин илэрхийлэв" гэжээ.
Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоог дээр үг хэлэхдээ, дэлхийн өнцөг булан бүрээс баривчлагдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлсний дараа засгийн газар Тисийн гэр бүлтэй холбоо тогтоосон байна.
Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн үеэр тэр,"Бид алагдсан, сураггүй алга болсон, шоронд хоригдсон, баривчлагдсан, эрүүдэн шүүгдсэн, дайныг сурвалжилж, авлигыг илчилж, удирдагчидтай хариуцлага тооцдог сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлдэг" гэжээ.
Мөн 10 жилийн өмнө Сирид байхдаа сураггүй алга болсон фото-сурвалжлагч Тис Оустинын гэр бүлийнхэнтэй уулзаж, хүүгийнх нь тухай ярих хүсэлтэй байгаагаа дурджээ.Ерөнхийлөгч эдгээр тайлбарыг хийсний дараа Цагаан ордны ажилтнууд уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Цагаан ордон Тисийн гэр бүлийнхэнтэйгээ маш нягт холбоотой байсан" гэж онцлон тэмдэглэжээ.
Техас мужийн Хьюстон хотын гэрэл зурагчин, сэтгүүлч Тис Оустин 2012 онд Сирийн нийслэл Дамаскийн ойролцоох маргаантай бүсийн шалган нэвтрүүлэх цэг дээрээс алга болжээ. Тэр үед Тис 31 настай байсан юм. Тэрээр өмнө нь тэнгисийн цэрэг байсан бөгөөд фото-сурвалжлагч болж, Вашингтон Пост зэрэг хэд хэдэн сонинтой хамтран ажилладаг байжээ.
Тисийг алга болсноос хойш хэдэн долоо хоногийн дараа цацсан богино хэмжээний бичлэгт хамгийн сүүлд “харагдсан” байна.
Бичлэг дээр түүний нүдийг боосон байсан бөгөөд эргэн тойронд нь зэвсэглэсэн хүмүүс түүнийг үхэхээсээ өмнө мусульманчуудын уламжлал ёсоор хэлдэг залбирлыг давтахыг албадаж байсан гэнэ. Үүний дараа айсан Тис "Өө Есүс" гэж хэлж буйгаар бичлэг дуусдаг . Бичлэг дээр Тисийг гэмтээсэн зүйл бичигдээгүй, амьд байгаагаар төгсжээ. Уг бичлэгээс хойш түүнээс ямар ч сураг гараагүй байна. Сирийн засгийн газар түүнийг олзлон барьцаалсан гэсэг асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй.
Эх сурвалж: DW