Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.
Ингэснээр "Алт-2" үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцов. Манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгджээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард "Роснефть" компанитай хэлцэл хийж, АИ-92 авто бензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллароос буурч, манай улс тонныг нь 840 ам.доллароор импортолж байна.
Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, "ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зах зээл дээр 2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71 хувиар өссөн. Мөн 2020 он гарсаар 45.8 хувиар өслөө. Дэлхийн банкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард эрдэс баялгийн прогнозыг гаргасан байна.
Манай улс АИ92 авто бензинийг 2022 оны дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор худалдан авч байсан. Энэ үнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр зах зээл зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг. Харин хэлцэл хийсний үр дүнд литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүллээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна" гэлээ.