Дөрөвдүгээр сарын 30-нд болохоор Edelweiss Art Gallery болон Artwave Mongolia Дүрслэх урлаг,хувцас загварын агентлагийн нээлт зэрэг боллоо.
Галерейн болон агентлагийн талаар Artwave Mongolia Дүрслэх урлаг хувцас загварын агентлагийн үүсгэн байгуулагч, Edelweiss Art Gallery-н арт директор Ц.Нямдулам, “Манай агентлаг дүрслэх урлаг,хувцас загварын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Уран бүтээлчдийг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах, үзэсгэлэнг нь зохион байгуулах ажлууд болон маркетинг пи арын компанит ажлуудыг цогцоор нь хариуцаж ажиллана.
Бидний бусдаас ялгарах онцлог, давуу тал бол дүрслэх урлаг, хувцас загвар хоёрын хоорондын төгс зохицол, уялдааг соргогоор олж харж хооронд нь хослуулснаар өмнө нь байгаагүй өөр өнцөг гарч болохыг харснаараа салбартаа шинэчлэл хийж буй явдал юм. Бидэнтэй хамтран ажилладаг зураач, уран бүтээлчдийн өөр нэг өнцгийг нээн харуулж хувцас загварын салбарын нүүр царай болгон олонд таниулахаараа онцлог юм.
Уран бүтээлчийн өвөрмөц сэтгэлгээг өөр талбарт нээн гаргаснаар илүү сонирхолтой бүтээлч ажил бий болох нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ бид уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээлийг нь зуучлах, худалдах хэлбэрээр хамтран ажиллаж бүтээлч үйл ажиллагааг нь нэмэгдүүлэхэд түлхэц болж уран бүтээлчийг хөгжүүлэх олон улсын резиденс хөтөлбөрүүдэд материалыг нь мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн хамруулна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн гоо зүйн болон урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлагаар дамжуулж нийгэмд эерэг нөлөөг бий болгох зорилгоор байгуулагдсан болно.
Одоогоор бид 30 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.Уран зураг, гэрэл зураг, хөшөө баримал, инстолляци, хувцас, гар урлал зэрэг олон нэр төрлийн бүтээлийг бэлнээр болон захиалгаар зах зээлд нийлүүлэх боломжтой. Мөн бид хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан урлагийн сэтгэл заслын эвент, хувь хүн албан байгууллагуудад чиглэсэн стилистийн болон имидж бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ, интерьер дизайны ажлыг хийж гүйцэтгэнэ. Бид хувь хүн албан байгууллагатай уран бүтээлийн худалдаа болон зөвлөх үйлчилгээ, үзэсгэлэн, урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах ажил дээр хамтран ажиллах болно” гэв.
“Edelweiss” Арт Галерей болон Дүрслэх урлаг, хувцас загварын “Artwave Mongolia” агентлаг нь хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ удаад албан ёсны нээлтийн баяраа тохиолдуулан “PASSION” нэртэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд 17 уран бүтээлчийн 29 уран бүтээл дэлгэгдсэн ба 05.01-06.01 ны хооронд “Edelweiss” арт галерейд дэлгэгдэнэ. Энэ 4 долоо хоног бол урлагаар амьсгалсан өдрүүд байх болно. Учир нь галерейн зүгээс таны мэдрэмжийг хөглөх сонирхолтой эвентүүд төлөвлөж байна.
Хүн бүхэнд өөр өөрийн хүсэл тэмүүлэл бий. Тэр хүсэл тэмүүллээ үргэлж санаж явахад тань урлаг таньд туслах болно. Урлагт өөрийн зүрх сэтгэлээ нээвэл таны зүрх сэтгэлийн ертөнцөд гайхалтай зүйл заавал тохиолдоно гэсэн санааг өгүүлэхийг зорьжээ.