Энэ сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт тоглолтоо хийнэ. УДБЭТ-т болох энэхүү LIVE CONCERT гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм.
"Дэлхийн сонгодог Монголд" тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Цар тарлаас үүдэн манайд том хэмжээний сонгодог тоглолт ойрын дөрвөн жил болоогүй юм.
Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчид дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын дуурийн хэсгүүдээс дуулагдах энэхүү тоглолтоос үзэгч та бүхэн сонгодог урлагийг танин мэдэх ач холбогдолтой.
Ө.Цэрэнчунт нь Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч юм.
Өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гээд харахад судар шиг харагддаг цомгийг гаргаж, үзэгч олондоо сонирхолтой бүтээлийг өргөн барьсан байдаг. Мөн “Монголын сонгодог бүтээлүүд” гэсэн цомгоо гаргаж байв. Түүний хувьд нийтдээ есөн цомог гаргаж, дөрвөн ном эмхэтгэсэн урын сан арвинтай уран бүтээлч билээ.