Хятадын нийслэл Бээжин хотын зарим олон нийтийн газар, спортын арга хэмжээ, нийтийн тээврээр зорчиход Ковид-19-ийн сөрөг тест шаардлагатай гэж мэдэгдлээ. Мөн Бээжин даяарх ресторануудад хооллохыг түр хугацаагаар хориглож, оршин суугчид олон нийтийн газраар үйлчлүүлэхэд Ковид шинжилгээ өгөх шаардлагатай болно гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Уг шийдвэр Хөдөлмөрийн өдрийн баярын эхэнд вирусын хяналтыг эрчимжүүлж буйтай холбоотой юм.
Таван өдрийн турш тохиодог энэхүү баяр Хятадын аялал жуулчлалын хамгийн завгүй үеүүдийн нэг боловч тахал өвчний эхэн үеэс хойш тус улсад тохиолдсон коронавирусийн хамгийн тааруу үе таарч байгаа учраас иргэдээ гэртээ байлгах төлөвтэй байна.
5-р сарын 1-4-ний хооронд хотын хоолны газруудаар үйлчлүүлэхийг зогсоож, зөвхөн хүргэлтийг зөвшөөрнө гэж орон нутгийн худалдааны албаны ажилтан Дин Жианхуа бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Эрх баригчид мөн одоогийн байдлаар 4000 яаралтай тусламжийн эмнэлгийн ор бэлтгэсэн гэлээ. Бээжингийн албан ёсны WeChat хуудсан дээрх мэдэгдлийн дагуу "бүх төрлийн нийтийн эзэмшлийн газар, нийтийн тээврээр зорчих"-ын тулд 5-р сарын 5-наас эхлэн өнгөрсөн долоо хоногт авсан Ковид-19–ийн сөрөг тест шаардлагатай болох юм.
Спортын арга хэмжээ, бүлгийн аялал зэрэг үйл ажиллагаанд оролцогчид шинэ дүрмийн дагуу 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээ, вакцинд бүрэн хамрагдсанаа нотлох баримтыг харуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: The Guardian