Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мушгин гуйвуулж уурхайчдын эрх ашгийг зөрчиж буй хэмээн Уорли инженеринг ХХК-ийн ҮЭ-ийн хорооноос уурхайчдад илүү цагийн хөлс олгогдохгүй байгаа асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Д.Долгор, "Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд анх удаа уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ажил амралтын хуваарийг тэгш байдлаар тусган хэрэгжүүлж эхэлсэн.
14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болсон. Гэвч энэхүү зохицуулалтын улмаас уул уурхай ажилчдын цалин хөлс нь буурсан.
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн ахалдаг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд хуралдаад, цалин хөлс тогтоох аргачлалыг баталсан.
"Цалин хөлс тогтоох аргачлал"-ын 6.3.1.5-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн амруулаагүй тохиолдолд илүү цагийн хөлс олгохоор зохицуулсан. Үүнийг ажил олгогчид "14 хоног ажилласан илүү цагийн хөлсөнд 14 хоног амруулж байгаа" гэсэн байдлаар тайлбарлаж, илүү цагийн хөлс бодож олгохгүй байна.
"Цалин хөлс тогтоох аргачлал"-ын улмаас уул уурхайн компанийн ажилчид илүү цагийн хөлсөө авч чадахгүй, хохирч байна. Ажилчдын зүгээс гомдол гаргасаар байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяагийн ахалдаг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд дөрөвдүгээр сарын 13-нд шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй бөгөөд уул уурхайн салбарын ажилчид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна" гэв.