Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил орон даяар эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Харин нас насны онцлогт хамааруулөн өөр шинжилгээ хийх юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Энэхүү урьдчилан сэргийлэх ажил өмнө нь ч манай улсад хийгддэг байсан. Гэхдээ хамрагдалтын хувь өндөр байгаагүй. Мөн 18-аас дээш насныхан хамрагдах багцтай байсан. Харин энэ жилээс өргөжүүлж, 0 дээш насны бүх иргэдийг хамруулахаар болсон. 0-17 насны иргэдэд 4-6 төрлийн шинжилгээ өгнө. 18-аас дээш насныханд тухайн хороо, сум, багаас нь урилга ирнэ. Улмаар урилгын дагуу харьяалагдах газартаа очиж, урьдчилан сэргийлэхдээ хамрагдана.
Харин 18-аас дээш насныхан 12-18 нэр төрлийн шинжилгээнд хамрагдана. Шинжилгээний багцийг нэмэгдүүлсэн нь манай улсад зонхилон тохиолддог, нас баралтыг тэргүүлдэг 5 өвчлөл бий. Тиймээс энэ чиглэл рүү шинжилгээгээ нэмэгдүүлсэн. Жишээ нь, Зүрх судасны өвчлөл их байна. Тиймээс цус биохимийн шинжилгээг нэмэгдүүлж өгсөн. Үүгээр таван жилийн дараа өвчлөл 10-13 хувь буурна гэж харж байна" гэв.