Сүүлийн долоо хоногт Афганистаны олон 10 энгийн иргэд дэлбэрэлтийн улмаас амиа алдсаны заримыг нь ISIL (ISIS) бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдээд байна.
Кабулын баруун хэсэгт байрлах нэгэн сүмд мөргөлийн үеэр хүчтэй дэлбэрэлт болж, 10 хүн амиа алдаж, 20 хүн шархадсан нь Рамадан сарын үеэр Афганистаны мөргөлийн газар болон энгийн иргэдийн объектуудад удаа дараалан болсон халдлагын ердөө нэг нь юм.
Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Бесмулла Хабиб дэлбэрэлт баасан гарагт Кабулын баруун хэсэгт орших Халифа Ага Гул Жан сүмд орон нутгийн цагаар 14:00 цагийн үед болсон гэдгийг хэлжээ. Энэ өдөр Рамадан сарын сүүлийн баасан гараг таарсан учир олон зуун сүсэгтэн мөргөл үйлдэхээр цугларч, сүм дүүрсэн байсан аж.
30 гаруй насны Афганистан иргэн Вахид дэлбэрэлтийн тухай сонсоод дүүгээ тэнд байгааг санан нэн даруй лалын сүм рүү гүйсэн гэжээ. Тэрбээр эмх замбараагүй байдлын дүр зураг, хашхирах, тусламж гуйсан олон хүн байсныг сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр шархадсан хүмүүсийг түргэн тусламжийн машинд хүргэхэд тусалжээ.
Халдлага болсон сүмийн тэргүүн Сайед Фазил Ага “хэн нэгэн амиа золиослогч ёслолын ажиллагаанд оролцож, тэсрэх бөмбөг дэлбэлсэн” гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.
"Хар утаа хаа сайгүй тархаж, цогцсууд хаа сайгүй байсан" гэж тэр хэлээд, нас барагсдын дунд түүний зээ нар ч байсан гээд "Би өөрөө амьд үлдсэн ч хайртай хүмүүсээ алдсан" гэжээ.
Тухайн үед лалын сүмд байсан нэгэн эр хэлэхдээ, асар хүчтэй дэлбэрэлт болж, хөл, гар нь шатсан байна. Тэр хавийн оршин суугч Мохаммад Сабир хэлэхдээ, хүмүүсийг түргэн тусламжийн машинд ачиж байхыг харсан бөгөөд "Дэлбэрэлт маш хүчтэй байсан, би чихний хэнгэрэг минь хагарчихлаа гэж бодсон" гэж ярьжээ.
Кабул хотын төвд байрлах түргэн тусламжийн эмнэлэг 21 өвчтөнг хүлээн авч эмчилж байгаа бол хоёр хүн ирэх үедээ нас барсан гэж мэдэгдэв. Өөр нэг эмнэлгийн ажилтны хэлснээр 49 шархадсан хохирогч, таван цогцос хүлээн авсан байна. Тус эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийн арвынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд 20 орчим нь түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэл хийж, дэлбэрэлтийг буруушааж, гэмт этгээдүүдийг олж, шийтгэнэ гэж мэдэгджээ. Афганистан дахь Талибаны удирдагчид өнгөрсөн наймдугаар сард засгийн эрхийг авснаасаа хойш улс орноо аюулгүй болгож, ISIS-ын орон нутгийн салбарыг устгасан гэж байгаа ч олон улсын албаны хүмүүс болон шинжээчдийн үзэж байгаагаар халдлага дахин сэргэх эрсдэл хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera