Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт загвар өмсөгч, жүжигчин гэдгээрээ олонд танигдсан, Food station брендийг үүсгэн ажиллаж буй залуу үеийн төлөөлөл О.Билгүүн оролцлоо. Түүний хувьд залуус төрдөө найдалтгүйгээр өөрсдөө болж бүтэхгүй зүйлийнхээ систем, бодлогыг өөрчлөхөд анхаарах ёстойг хэллээ. Мөн 40 гаруй салбарт ажиллаж, алдаж, онож үзсэн энэ залуу Гэрэлт гудамжны төсөл дээр гутлаа цоортол зүтгэсэн, бүтэлгүйтсэн үеүдийнхээ тухай ч ярьсан юм.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна даа?
-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд маш олон төрлийн бизнес хийж үзлээ. 40 гарсан байх. Яг юунд дуртайгаа олох гэж явсан. Олохгүй байсандаа учир байгаа юм. Ингээд юу хийх ёстойгоо олсон. Миний хийж байгаа ажил бол аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, урлаг уран сайхан.
-Сүүлд залуусын бизнесийг дэмжихгүй, хууль зохицуулалтад уялдаа байхгүй гэдэг зүйл ярьж байсан шүү дээ. Энэ асуудал юу болсон бэ?
– Миний хувьд нэгэнт л бүтэх ажил байх юм бол түүнд стресстэх шаардлага байхгүй. Бүтэхээргүй ажил байвал бас стресстэх шаардлага байхгүй гэж боддог. Үнэхээр тэвчихийн аргагүй зүйл болдог юм байна. Food station гэдэг бол өрхийн орлогыг дээшлүүлэх маш чухал зүйл. Маш олон хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа дээшлүүлж болох хангалттай ажлын байрыг бид бий болгосон. Street food буюу гудамжны соёлыг Монгол даяар нэвтрүүлж эхлэх ёстойг ч ойлгосон.
Уг нь явуулын хоол эрхлэх зөвшөөрөл байдаг. Гэвч тулчихсан стандарт байдаггүй юм билээ. Цагдаа нар задгай талбайд хоол хүнс худалдаалахгүй гэдэг. Гэхдээ зөвшөөрөөд байдаг. Бодлого хоорондын уялдаа байхгүй байна шүү дээ. Бид өлсөөд байна. Өлсөхгүйн тулд өөрсдийнхөө мөнгөөр хөдөлмөрлөөд явах гээд байна. Хууль эрх зүйн уялдаа холбоо байхгүйгээс болж, бид мөрөөрөө хоолоо олж идэх орчин нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Дэм болохгүй байж нэрмээс, ядаргаа, лай болоод байна гэсэн үг. Одоо Д.Сумъяабазар дарга юм хийх болов уу гээд бид хүлээхгүй. Бас амжихгүй байсаар байгаад сонгууль болж, дараагийн хотын дарга дээр ирээд дахиад саадна. Бид шийдэх гээд байна гэдэг зүйлд хууртахгүй.
-Гэрэлт гудамж төсөл юу болсон юм бэ?
-Энэ салбарыг үнэхээр хөгжүүлэх гээд гэрэлт гудамж төсөл эхлүүлсэн. Үүнийхээ үр дүнг гаргаж ажиллана. Хүн өөрөө мөнгөтэй байх юм бол талбай дээр гарч жагсах зав ч байхгүй, шалтгаан ч байхгүй. Өөрсдөө мөнгөө олоод амьдрах тэр боломжийг битгий хулгайлаач ээ. Маш олон дарга нар яриад дэмжиж байгаа, уулзъя гэж байна. Аль нэгийнх нь попрох шалтгаан болмооргүй байна.
Нөгөөтээгүүр Food station гудамжны хоолны соёлын брендийг ордонд байгаа дарга нар хийж үзээгүй шүү дээ. Гэтэл бидэнд бас алдаа байна. Хийж үзээгүй хүнээс стандарт нэхээд байгаа юм. Манай салбарыг гоё болгоод өгөөч гээд. Тэд мэдэхгүй шүү дээ. Бид өөрсдөө нэгдэж энэ системийг бий болгочхоод, “За нөхдүүд минь, ингэж явна. Одоо орчныг нь бүрдүүлж өг” гэж явах ёстой юм билээ. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг. Ингээд саяхан Монголын хоол үйлдвэрлэлийн холбоо гэж байгуулсан.
-Таныг хүмүүс загвар өмсөгч, жүжигчин гэдгээр нь мэдэх байх. Яагаад бизнес рүү орох болсон юм бэ?
-Загвараар явж байхдаа бизнесийн уулзалтад оролцсон юм. Ингээд өөрийгөө танилцуулахад, “урлагийн хэдэн олгой толгой юу ч чадахгүй, та нар биеэ л зарж амьдрахгүй бол өөр яаж амьдардаг юм” гээд л хэлүүлсэн. Би чинь шартай нөхөр загвараа түр болиод бизнес рүү орсон юм.
-Загварлуу яагаад орох болов?
-Би 73 дугаар сургууль төгссөн Хүүхэд байхдаа дуулах сонирхолтой байлаа. Г.Хайдавгуайн шавь болж ч үзлээ. Намайг СУИС-д уриад дараагийн С.Жавхлан болгоно оо гэж байсан. Гэхдээ ороогүй. Олон улсын харилцаа, эдийн засгийн мэргэжлээр ХУИС төгссөн. Тухайн үед өндөр байсныг хэлэх үү манай аав загвар өмсөгч, ээж загвар өмсөгчидтэй найзууд. Тэгээд л загвар луу орж байсан.
-Маш олон зүйл хийсэн байна шүү дээ. Шантрах, хэцүү санагдах үе байв уу?
Төслөө бичээд холбогдох хүмүүст танилцуулаад дэмжигдэхгүй байсан тухайн үед. Э.Бат-Үүлд хүртэл танилцуулсан. Тэр үед Астапын 5000 гишүүн ирэх гээд Гэрэлт гудамж төслийг явуулсан. Маш түргэн хугацаанд хөдөлсөн л дөө. 14 хоногийн дотор төсөв батлагдаад, бүтээн байгуулалтаа хийсэн юм. Сэтгэл байвал болдог юм билээ. Энэ хугацаанд хотын захиргаа гудамж хоёрынхоо дундуур гүйсээр байгаад шинэ авсан гутлын ул цоорсон байсан. Бүр оймс гараад ирчихсэн хорсоод салахгүй. Хоёр жилийн зун бараг унтаагүй. Сүүлдээ бие мэдээгүй болж, харвангаа алдаад, гадаа явж байгаад унах гэх мэтчилэнгийн зүйл тохиолддог байсан.
Гудамжинд lounge ажиллуулж байхдаа хоёр удаа нийгмийн хог шаар болж байсан юм. Сонин юм билээ. Та ажлын байран дээрээ уусан байна шүү дээ гээд нэг цагдаа үгийн зөрүүгүй ачаад л эрүүлжүүлэх рүү хийчихсэн. Өглөө нь гаргаж байна. Нийгмийн хог шаарууд тамхины иш цэвэрлэцгээ гээд л тэр хашааг бид нараар бүтэн цэвэрлүүлж байгаа юм. Гэрэлт гудамжны төслийн удирдагч энэ тэр гээд том нөхөр байсан чинь нэг өдөр нийгмийн хог шаар болчихсон., lounge энэ тэртэй гээд байж байсан маргааш нь хог шаар болчихсон.
-Таны хийж үзсэн зүйлсээс хамгийн адармаатай нь үйлчилгээний бизнес байж ээ дээ?
-Би баар ажиллуулахаар л их шантардаг. Шантраад дахиад нээе гоё ч юм уу гээд л. Больсон шалтгаан нь манай ажилтнууд бүгд зодуулсан юм. Шүднүүд нь хугараад л. Тэгээд л больё ажилтнуудаа бодъё гээд. Муу замаар явахгүй мөнгө олж болдгийг би өөрийнхөө амьдралаар ойлгосон.
-Урам хугарч байсан үеэ яриач. Түүнийгээ яаж даван туулсан бэ?
-Тооцоолоод үзэхэд 2.5 сая хүн Гэрэлт гудамжин дээр ирж 100 сая долларыг эргэлдүүлсэн. Цаашаа явах боломж үнэндээ байсан. Дараагийн хотын дарга маань Соёл амралтын хүрээлэнгийн захирал байж таараад манай орлогод нөлөөлж байна гээд хаасан гэж би боддог. Энэ бүхнийг бодолцох ёстой. Зүгээр попрох асуудал биш. Маш үр дүнтэй зүйл хийж байхад боож хаасанд жаахан урам хугардаг.
-Танд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Улс орныг залуус авч явна. Хатуу хэлэхэд төрөөс юм найдалтгүй. Өөрсдөө системээ гаргаад, дүрмээ зохиож эхэлнэ. Хүн өөрийн гэсэн эх оронтой байна гэдэг маш том аз завшаан байдаг. Залуус бид эх орныхоо баялаг юм шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Монгол улс мандан бадраг.