Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг саналыг УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.04.29/ хаалттай хэлэлцэн санал хураалт явуулахад олонх нь түдгэлзүүлэх саналыг дэмжээгүй байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор албаны нууцын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хаалттай байдлаас үүдэж хардлага (хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжраад байна.
Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга. Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүнийг нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна.
Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага-УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай учраас цаашид Ерөнхий прокурор нууцаар биш илээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна" хэмээжээ.