УИХ-ын чуулган өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Далд эдийн засгийн асуудал ярилаа. Далд эдийн засгийг ил болгоход нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийн 2 хувийн буцаалт, дээрээс нь сугалаа маш том шинэчлэл, өөрчлөлт, дэвшлийг авчирсан. Монголын эдийн засаг энэ хэмжээгээр томорсон, далд эдийн засаг бас ил болсон. Одоо хоёр хувийн буцаалт хэвээрээ, дээрээс нь сугалаагүй болж байгаа.
Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримттай худалдан авалт хийх, НӨАТ-тай үйлчилгээ авах энэ чиглэлээр далд эдийн засгийг ил болгоход бас хөшүүрэг болдог байсан. Одоо ингээд НӨАТ сугалаагүй болчхож байна. Сугалаагүй болчхоод нөгөө хоёр хувь маань хөшүүрэг болж чадаж байна уу гэхээр үндсэндээ бага болоод байгаа юм. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, хямралтай үед ард иргэдэд санхүүгийн тодорхой дэмжлэг болох байсан байх, далд эдийн засаг ил болоход, эдийн засаг томроход тодорхой хэмжээний хөшүүрэг болох байсан болов уу гэж бодож байна. Энэ талаас нь харж төсвийн байнгын хороондоо ярьж болсонгүй юу? Энэ талаар тодорхой ямар бодлого цаашаа гарах ёстой вэ? Энэ дээр хариулт авъя.
Хоёрдугаарт, эдийн засаг хямралтай, үнийн өсөлттэй энэ үед орлогоороо зарлагаа нөхөөд амьдрахад ялангуяа бага орлоготой иргэдэд хүнд хэцүү байгаа. Ялангуяа төрийн үйлчилгээний албан хаагчид 400’000, 500’000 төгрөгийн цалинтай, төрийн захиргааны анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа албан хаагч нар ТЗ 1-5-ынхан маш бага цалинтай. Энийг нэмэгдүүлье гэж орж ирсэн гэхдээ хангалттай хэмжээнд бас нэмэгдэхгүй юм шиг болоод байгаа юм. Энэ тал дээр хэр зэрэг нэмэгдэх болсон бэ? Төрийн үйлчилгээний албан хаагчид бага цалинтай, төрийн захиргааны албан хаагчид, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хэд болохоор болж байна вэ? Мэдээж зардлаа танах бүсээ чангалах бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ одоо бага орлоготой иргэдээ анхаармаар байгаа юм. Тэгэхгүй бол орлогоороо зарлагаа нөхөж хүч хүрэхээ больчихсон. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг байсан бол одоо нөхөж чадахаа больчхоод байна. Орлого нь ч нэмэгддэггүй, зардал нь нэмэгдээд байдаг. Үүнд хариулж өгөөч.
Дараагийн нэг асуулт сая яригдаж байна. Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, диспетчерийн үндэсний төв гээд энэ цахилгаантай холбоотой төрийн өмчит компаниудаас хувьчлах нь зөв юм уу? Энийг одоо цаашид яаж засах вэ? Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний цаад талд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станц харьяалагдаад, давхар тодорхой хүнд хувьчлагдана гээд явчих юм биш байгаа. Арай ийм зүйл хийгдэхгүй байх гэж бодож байна. Наана нь харагдахдаа баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ гэж харагддаг, цаана нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станцийн тодорхой хувь ньхувьчлагдчихгүй биз дээ. Ер нь одоо стратегийн ач холбогдол бүхий салбарууд цахилгаан, дулаан, ус, харилцаа холбоо, МҮОНРТВ гээд стратегийн, Монгол улсын төрийн онц чухал объектуудыг бид хувьчлах ёсгүй. Өмнө нь ийм бодлогоор явж ирсэн. Гэтэл одоо бодлого нь эвдэгдээд ямар нэгэн байдлаар цахилгаан, хувийн хэвшлээс, гадна дотнын хөрөнгө оруулагчдаас хараат болчихдог. Дулаан, уснаасаа хараат болчихдог. Ийм эрсдэл бий болох юм биш биз дээ. Хэдийгээр 34 хүртэлх хувь гэж байгаа ч цаад талд нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөд явдаг жишгүүд байдаг. Бид өнөөдөр ОХУ-аас эрчим хүчний хараат, бензин шатахууны хувьд хараат ямар хүнд байгаа билээ.
Гэтэл одоо дотооддоо дахиад нэг хувийн хэвшлээс эрчим хүч, тог цахилгааны хувьд хараат, хамааралтай болчих юм бол маш том эрсдэл бий болно. Ийм бодлого яваад байгаа юм биш биз дээ. Энийг одоо Н.Тавинбэх сайд хариулж өгөөч.
Эрчим хүч, дулаан, төмөр зам, авто замаа хувьчилна гэдэг маш буруу. Энэ чинь стратегийн ач холбогдол бүхий салбар шүү дээ. Харилцаа холбоо, мэдээлэл дээр бодлогын алдаа гаргаж болохгүй байх. Баруун бүсийг хувьчилсны цаад талд Дөргөний усан цахилгаан станц, Тайшир хувьчлагдах юм бол тэр бүс нутагт эрчим хүчний үнэ тариф өснө гэсэн үг. Хэн нэгний хараат болно гэсэн үг шүү дээ. Бид одоо яаж гаднын хараатаас болих уу гэдэг асуудал байхад дотооддоо дахиад барын амнаас гараад чонын аманд орно гэдэгтэй адилхан дахиад өөр хараат болчих гээд байна шүү дээ. Энэ бодлогын алдааг бид засах ёстой байх. Эдийн засгийн байнгын хороонд дээр ч юм уу, төсвийн байнгын хороон дээр яригдаагүй юу? энийг одоо бид яаж хувьчлахгүйгээр авч үлдэх ёстой вэ, ямар гарц гаргалгаа байх юм бол Хүрэлбаатар дарга аа, салгах хэрэгтэй байх гэж бодож байна" гэж хэллээ.