УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн талаар Тус дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооноос “Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Гишүүдээс ирүүлсэн мэдүүлэг, тодруулгыг тодорхой ярих боломж хуулиараа байхгүй.
Энэ хэрэг нь Прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлтэй ирсэн. Тиймээс цаашид энэ асуудлын талаарх нэгдсэн шийдвэр УИХ-ын нэгдсэн чуулганаар гарна” гэлээ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцдэг бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрөгч Даваа гарагт Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн. Парламентад саналыг хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэмээн хуульд заажээ.