Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцжээ.
“Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг төсвийн байгууллагад нийлүүлэхийг хуульчилбал үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно. Махны экспорт зогссоноос зарим үйлдвэр хаалгаа барихад хүрч байна. Өнгөрсөн жил экспортод гаргахад бэлтгэсэн 6000 тн ямаа, 4000 тн адууны махаа богино хугацаанд экспортлоход төрөөс дэмжвэл манайд валют орж ирнэ” гэлээ.
“Сансар сүлжээ” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь “Манайх 30 мянган нэр төрлийн бараа дотоодоос болон импортоор авч худалддаг. Нийлүүлэгчдээс авсан бараан дээрээ дунджаар 15 хувийг нэмж байна. Том талбайд олон хүн ажиллуулж, түрээс төлөхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг.
Энэ жил түрээсийн зардал 35, тээвэр логистик, шатахууны зардал 16 хувиар өссөн. Ийм үед ашиглалтын зардал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлбэл дэмжлэг” болно хэмээсэн. Хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл гол төлөв төр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аливаа шийдвэрийг ярилцаж гаргахгүй бол бодит байдалд эерэг, сөрөг олон талаас нөлөөлдөг. Бүхнийг хөнгөлөөд, чөлөөлөөд явбал улс даахгүй. Та бүхэн шийдлээ гаргаад саналаа өгөөрэй. Асуудлыг богино хугацаанд шийдээд явна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааны эхэнд хүнсний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүгээр та бүхний гаргасан саналыг хэлэлцэнэ. Дахин уулзъя” гэлээ.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар