Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Энэ үеэр “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл "Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилнаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна. Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе" гэж хэлэв.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар