Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна.
Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна.
18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна" гэлээ.