Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
- Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
- Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.