Хандивын данс : 5007424392 (Хаан банк)
Холбогдох утас: 80646405
Тархины хүчилтөрөгчийн дутмагшилтай дөрвөн сартай охины ээж Бадамцэцэг өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. Охины өвчинг БНСУ-д бүрэн эмчлэгдэх боломжтой гэж Сөүлийн их сургуулиас хариу иржээ. Эхний ээлжид эмчилгээнд 140 сая төгрөг шаардлагатай аж. Бадамцэцэг охиноо насаар нь саа саажилтын эмгэгтэй болгохгүйн тулд хөлөө хүрэх газар явна. Үнэхээр хандивын самбар барьж яваад энэ их мөнгө цугларахгүй юм байна. Сайхан сэтгэлт Монголчуудаасаа хандивын гараа сунгахыг хүссэн юм.
Энэ талаар тэрбээр "Миний охин Л.Цэрэнлхам тархины хүчил төрөгчийн дутагдалтай гэж оношлогдсон. Хүний тархи хушга шиг нугалаастай байдаг бол миний охины тархи энгийнээр хэлбэл мөлгөр болчихсон. Ингэснээр хүүхэд уйлах, хөхөө хөхөх зэрэг үйл хөдлөлийн рефлекс муутай болчихдог. Монголд сүүлийн үед ийм хүүхэд олон төрж байгаа юм билээ. Энэ нь эх баригчийн эсвэл вакцины алдаанаас болдог гэсэн. Эмч, эмнэлгийг буруутгаад явахаасаа өмнө хүүхдээ эмчлүүлэхийн төлөө урагшаа хараад явж байна. Сөүлийн их сургууль руу оношилгооны бичгээ явуулсан. Манай хүүхдийг 100 хувь эмчлэгдэнэ гэж хариу ирсэн. Эхний удаад 140 сая төгрөг эмчилгээнд шаардлагатай гэж хэлсэн.
Би гурван жилийн өмнө спортын гэмтлээс болж баруун хөлдөө олон удаа хагалгаанд орсон. Тэр нь бас нэг эмчийн буруугаас болж чихээсний маарал үлдсэн байсан. Бас л зуун хэдэн сая төгрөгөөр эмчилж өөрийгөө босгож авсан. Дахин дахин ийм өндөр өртөгтэй эмчилгээтэй учирч байгаа учраас үнэхээр би дангаараа дийлэхгүй нь ээ. Ард түмнээсээ хандивын туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Би Завхан аймгийн гаралтай хүн байгаа. Завхан аймгийн маань Очирваань уул холбоо сая надад тоглолт хийж өгсөн. Тоглолтоос 30 сая төгрөг цугларсан. Үлдэгдэл 110 сая төгрөгөө цуглуулахад ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэж байна. Монголын морин спорт хорооныхон сугалаа явуулж өгөхөөр болсон. Тэрэнд та бүхэн маань бас идэвхтэй оролцоорой.
Би хандивын самбараа бариад дөрвөн сар явж байна. Ингэж явлаа гээд үнэхээр эмчилгээний мөнгөө бүрдүүлж чадахгүй нь ээ.
21-р зуунд ээжүүд эмнэлгийн алдаа, вакцины алдаа гээд гомдоллоод суугаад баймааргүй байна шүү дээ. Эмнэлгийн тогтолцоогоо өөрчилмөөр байна. Талбай дээр саяхан үнийн өсөлтийн жагсаал болсон. Эмийн өсөлт ярьсан хүн ховорхон байна. Эм асар их үнэтэй байна. Эм сонголтгүй байдаг. Ямар нэгэн өвчин туслаа гэхэд тэр эмийг л авч уудаг. Яг ингээд хүүхэд өвдөөд эмнэлгээр явж байхад бензиний үнээс эхлээд Монгол бол асар дарамттай.
Өвдөхөөр л асар их үнээр гадагшаа явж эмчлүүлдэг. Яагаад хавдраа Монголдоо эмчилж болохгүй байгаа юм бэ, яагаад эм, тариаг нь оруулж ирж болохгүй байгаа юм бэ. Яагаад манай Монголын эмнэлэг хөгжихгүй байгаа юм бэ. Эмнэлэг бариад өгөөч ээ л гэж хэлмээр байна.
Би хүүхдээ эрүүл болгомоор байна. Миний охинд туслаарай. Эрх баригчдын хүүхдүүд өвдвөл хэзээ ч эх нялхсаар очдоггүй. Бид дуртайдаа гадагшаа явах гээгүй. Монголд эмчилгээ алга. Хэдэн тэрбумыг гадагшаа хийсгэж байснаас дотооддоо эмчээ бэлдэж, эмнэлгээ бариад эмчил л дээ гэж хэлмээр байна" гэсэн юм.