Ардчилсан намын хэвлэлийн хурал өнөөдөр болж мэдээлэл хийлээ. Энэ үеэр түгжрэлийг бууруулах LRT тулгуурт хөнгөн галт тэргийн талаар хөндлөө.
LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа "Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан байна. Бидэнд төсөв төлөвлөгөөнд тусгагдсан, урьд нь төлөвлөсөн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/, түгжрэлийг бууруулах бодлого байгаа. Ийм байтал өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор Яармагаас-Сансар хүртэлх 18.1 километрт LRT хөнгөн галт тэргийг хийнэ гэж ярьж байна.
Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Гэтэл нийслэлд тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна.
Эрчим хүчний сайд "Ирэх оны өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ" гэж хэлсэн. Гэтэл цахилгаанаар явдаг зардал өндөр тээврээр түгжрэлийг шийднэ гэж ярьж байна. 2.8 тэрбум америк доллароор нийслэлийн түгжрэлийг шийднэ гээд зогсож байна. Чингис бондын 1.5 тэрбум доллароор Монгол Улсын бүх аймгийг засмал замаар холбосон. Гэтэл үүнээс хоёр дахин их зардлаар буюу 2.8 тэрбум америк доллароор түгжрэлийн асуудлыг 25 хувь шийдэх төсөл оруулаад ирлээ. Үүнийг яагаад нийслэлийн иргэдээс асуухгүй байгаа юм бэ, олон нийтээс санал авах хэрэгтэй" гэв.