Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр буюу дөрөвдүгээр 28-нд хуралдаж, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч Дэд хорооны дарга Н.Энхболд коронавирусийн халдвар туссан гэх шалтгаанаар хуралдаа ирээгүй байна. Ингээд Халдашгүй байдлын дэд хорооны С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нарын дөрвөн гишүүн хурлаа хуралдуулсан боловч шийдэлд хүрэлгүй таржээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд "Дэд хорооны дарга ирж байж асуудлаа шийднэ. Дэд хорооны дарга КОВИД-19 халдвар авсан гэдэг шалтгаанаар хуралдаа ирээгүй. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хуулийн хугацаатай тул хугацаандаа амжиж шийдвэр гаргах байх. Өчигдөр Ц.Мөнх-Оргил гишүүн хэлсэн "Прокурор болон бусад албаны хүмүүс дахин олон асуултад нэмэлт тодруулга өгөх шаардлагатай болсон" гэж. Энэ мэдээлэл бол нэгдсэн мэдээлэл юм. Өнөөдөр хуралдах тов гараагүй байна" гэсэн тайлбарыг өглөө.