Төрийн өмчит компанийн хувьчлалтай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа саналаа хэлэхдээ энэ асуудлыг дэмжихгүй байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эрчим хүчний компаниудын асуудлын талаар ярилаа. Төрийн өмчийг хувьчлах тодорхой хэдэн компаниудын заалтад эрчим хүчний төрийн өмчит компаниудыг хувьчлах тухай асуудлыг оруулж ирсэн. Үүнийг би дэмжихгүй байна.
Төрийн өмчийн дулаан, цахилгааны станцуудыг хувьчлаад ард иргэдийг хохироож байгаа асуудал байна. Тухайлбал, Ховд аймгийн дулааны станцыг дотоод шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Хувьчлаад юу болсон билээ. Төрийн өмчит цахилгаан, эрчим хүчнийхээ компаниудыг дэлхийд хувьчилсан туршлага байдаггүй юм билээ. Тэгвэл хувьчлалд Оюу толгой, Таван толгой, Гашуун Сухайт төмөр зам зэргийг оруулж ирэх үү” гэлээ.
Энэ асуултын хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Томоохон эдийн засгийн бүтцэд бид судалгаа хийсэн. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт явагдана.
Нэгдүгээрт стратегийн хувьд 100 хувь төрийн өмч байх шаардлагатай ААН-үүд гэж байгаа. Үүнд нэгт Эрдэнэт үйлдвэр орно. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван толгой мөн цахилгаан станцууд. Төрийн зүгээс эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудаас дамжуулан тодорхой салбарын бодлогыг барьж байдаг. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний тарифын асуудал байна. Стратегийн гол экспорт хийдэг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван толгой гэх мэт. Төрийн өмчит гээд буй тэр 37 компанид бүтцийн өөрчлөлт хийхдээ 66-аас доошгүй хувьд төр өөрөө хяналт тавьж ажиллана. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулж засаглалыг сайжруулах хэлбэрээр явуулна. Цаана нь мөн 20-иод компанийг татан буулгах, нийлүүлэх эсвэл шууд хувьчлах худалдах гээд төр авч явах шаардлагагүй, бирж рүү ч авч явах шаардлагагүй ийм ААН-үүдийн жагсаалтыг гаргасан. Ингээд хуулийн хүрээнд УИХ-аар шийдүүлдэг эсэхийг нь энэ удаагийн тодотголоор хавсаргаж оруулж ирсэн байгаа.
Эрчим хүчний салбарын хувьд Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас бусад эрчим хүчний компаниудыг хувьчилна. Үүнийг дахин дахин ярих юм бол хэзээ ч бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй. Бүгд амжилттай болох нь эргэлзээтэй. Амжилтгүй боллоо ч гэсэн хувьцаат компани болох бэлтгэл ажил нь тухайн компанийг шалгалтад оруулж, юу нь болж, болохгүй байгааг ил болгодог. Гэхдээ ихэнх компаниуд амжилттай хувьцаат компани болно гэдэгт итгэлтэй байна" гэж хариуллаа.