"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д гэрээнийхээ дагуу түүхий эд нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй болсон "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" болон "Эм Эс Эн Ти трейд" ХХК-аас хэвлэлийн хурал хийж байна.
"Эм Эс Эн Ти трейд" ХХК-ийн захирал Ж.Нямболд "Манай компани 2021 онд "Дархан төмөрлөг" үйлдвэртэй 10 тонн төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд 10 мянга 369 тонн төмрийг нийлүүлжээ. Оноос хойших төлбөр тооцоог хийхгүй, одоог хүрлээ. Манай компани гэрээний бүх нөхцөлийг бүрдүүлсэн.
Тухайн гэрээнд хөрөнгө хүлээн авахаас өмнө улирал бүрд нийлүүлэх төмрийн нийт дүнгийн 50 хувийг "Дархан төмөрлөг"-ийн үйлдвэр манай компанид олгоно гэж заасан байгаа. Гэвч манайд нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөөгүй. Бид одоо тус компаниас нэг тэрбум, 300 сая төгрөгийн авлагатай байгаа.
Манай компани арилжааны банкнаас 1.1 тэрбум төгрөгийн зээлтэй байна. "Дархан төмөрлөг" үйлдвэрээс төлбөрөө аваагүйн улмаас сард 45 сая төгрөгөөрөө буюу зөвхөн хүүний алдангид 15 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдал доголдлоо.
Банкнаас зээл аваад харилцагчдын төлбөр, тооцоог хийж дуусгасан. Үүний тулд утасны дугаараа хүртэл ББСБ-д барьцаанд тавьсан. Мөн барьцаалан зээлдүүлэх газарт тавьж болох бүх зүйлээ барьцаалж зээл авсан. Компанийн үйл ажиллагаа маш хүнд байна.
Монголын Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал “Энэ бол ганц компанийнх биш, Улаанбаатар хотын хэмжээнд байдаг 150 гаруй дахиврын цэгт хамаатай асуудал.
“Эм Эс Эн Ти трейд” ХХК дахиврын 150 цэгээс түүхий эдээ авч, зөөвөрлөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлсэн юм. Тус компани бүх харилцагчийнхаа өрийг өөр дээрээ хүлээгээд төлсөн байна. Бусдаас юмыг нь авсан бол мөнгийг нь өгдөг байх хэрэгтэй. Түүнээс гадна, хаягдал төмрийн одоогийн үнэ дизель түлш 1,500 төгрөг байсан үеийнхтэй адил хэмжээнд байна.
Дизель түлш өнөөдөр 3,000 гаруй төгрөг болчхоод байхад хаягдал төмрийн үнэ өсөөгүй. Гэтэл манайхан хямд авсан хаягдал төмрөөрөө арматур хийгээд 10 нугалж, 3 сая төгрөгөөр борлуулдаг. Монголд гурилын үнэ өсөөгүй байхад талхны үнэ өсөөд байдаг шиг гашуун жишээ энэ.
Нэгэнт энэ үйлдвэрийг төр өөрөө авч байгаа бол одоо ийм хачин байдлыг зогсоох ёстой гэдгийг хэлье. Гэтэл БНХАУ-д гэхэд 400 мянган төгрөгөөр авсан хаягдал төмрөөр арматур хийгээд 800 мянган төгрөгөөр л нэг нугалаад зардаг. Гэтэл манайд 300 мянган төгрөгөөр авсан төмрөөр арматур хийгээд зарахаараа 3 сая болчихдог" хэмээн ярьсан юм.