Энэ сарын 29-нд реппер Orice буюу талийгаач М.Алтан-Оргилын шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулахад 2020 оны долдугаар сарын 25-ны өдөр дуучин М.Алтан-Оргил бусдад зодуулж, таван давхраас унаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас "Гаднын нөлөөгүй нас барсан хэргийг шалгаж байна" гэж мэдэгдсэн юм.
Энэ талаар бид талийгаачин ээж Т.Навчаагаас тодрууллаа. Тэрбээр, “Бид УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлсний эцэст дээрмийн хэргийг дахин шалгуулах болсон. Ингээд маргааш шүүх хурал болохоор боллоо. Амь хохирсон хэргийг прокуророос дахиад хаасан байна. Энэ хэргийг хоёр хуваасан шүү дээ. Дээрмийн болон амь хохирсон гээд.
Маргааш манай талын дөрвөн өмгөөлөгч шүүх хуралд оролцох гэж байгаа. Шүүх хуралд Ц.Одонхорол, Б.Нармандах нар оролцоно. Хуралдааны дүнг харж байгаад бид цаашид яахаа хэлэлцэнэ” гэв.
Талийгаачийн аав Ц.Мөнхцогт хэргийн талаар, “Хэрэг гардаг өдөр Ц.Одонхорол гээд охины хойд аав нь өдөржингөө архи уугаад тэр охинд агсан согтуу тавьсан юм шиг байна билээ. Тэгээд миний хүүгээс туслалцаа гуйсан байх. Миний хүү чинь өөрөө дөрвөн эгчтэй, эмэгтэй хүнийг дарамталж байна гэж сонсвол, очиж туслах сэтгэл, зоригтой хүүхэд. Тэгээд л туслах гээд очсон хэрэг. Ингээд нэг тамхи татсанаар шалтаглаж, тухайн охины хойд аав болох Б.Нармандах миний хүүг зодоод утсыг нь дээрэмдсэн. Миний хүү зодуулж дээрэмдүүлчхээд цагдаа дээр гүйж очсон гэсэн. Цагдаа яг очсоноос нь эхлээд л бүх юмыг хуулийн эсрэг хийсэн гэж үзэж байгаа. Цагдаа нар хүний төлөө хэзээ ч үйлчилдэггүй гэдгийг би тодорхой харсан. Тийм учраас одоо айх ичих юмгүй ярина. Яагаад гэвэл цагдаа дээр очоод өргөдөл өгөхөд мэдүүлэг авсан байгаа юм.
Тэр өргөдөл дээр Ц.Одонхоролын дуудсан шалтгааныг бичихийн хажуугаар дээрэмлүүлж зодуулснаа дурдсан байсан. Тэр өргөдлийг устгасан. Хүн зодож дээрэмдсэн согтуу нөхрийг баривчилж эрүүлжүүлэхэд хонуулах цагдаагийн үүрэг биз дээ. Үүнийг цагдаа биелүүлээгүй. Хүү маань өргөдлөө өгөөд буцаж очоод л ийм байдалд хүрсэн. Хэрэв тэр охины аав тэргүүтэй гурван хүнийг барьчихсан бол миний хүү амьд байх байсан шүү дээ” гэсэн юм.