Улсын бүртгэлийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр цахим орчинд өрнөөд буй асуудалтайгаар тайлбар хэлэв. Үүнд “Цахим орчинд олны анхаарлыг татаад буй гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн. Гэхдээ энэ иргэний талаар нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй. Иргэн Г 2021 онд “Би хэзээ ч гэрлэлт бүртгүүлж байгаагүй” хэмээн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох байцаагчийн шийдвэр, дүгнэлт гарч гэрлэлтийг хүчингүй болгосон.
Уг дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба энэ нь шүүхийн шийдвэрлэх шатанд явж байгаа юм.
Улсын бүртгэгч л мэдээллийн санд нэвтрэх эрхтэй. Тухайн иргэнтэй холбоотой албаны чиг үүргийн дагуу л нэвтэрнэ. Хэн ямар бүртгэл рүү орсон нь хадгалагдан үлддэг. Аюулгүй байдлыг ханган ажилладаг. Анх бүртгэхдээ зөрчилтэй байсан учраас дүгнэлтийг цуцалсан.
Гэрлэлт хууль бус, зөрчилтэй тохиолдолд улсын ерөнхий байцаагч шалган дүгнэлт гаргасны дагуу гэрлэлтийг хүчингүй болгодог. Устгах гэх ойлголт байхгүй, хүчингүй болгосон.
Улсын бүртгэлийн цахим сан бүрдсэнээр хүний нэр дээр бичиг баримт бүрдүүлэх боломжгүй болсон. Ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Сүүлийн үед бид иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд оруулахыг илүүд үзэж байна. Энэ талаарх хуулийн төслийг өргөн барьсан.
Хуулийн дагуу зөрчилтэй, дутуу, хуульд заасны дагуу бус байвал эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрлэлтийг хүчингүй болгодог. Улсын бүртгэгч гэрлэлтийн бүртгэлийг өөрчлөх боломжгүй.
Баримт бичиг зөрүүтэй, зөрчилтэй, хуулийн шаардлагыг хангаагүй гээд сонсох ажиллагаа явуулсны дагуу холбогдох шийдвэр гарсан” гэлээ.