Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад эбола вирусийн улмаас хоёр хүн нас барсан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдээд байна.
Өнгөрсөн долоо хоногт БНАКУ-ын баруун хойд Экватер мужийн Мбандака хотод эболагаар өвчилсөн 31 настай эрэгтэй долоо хоног гаруйн дараа нас барснаар тус улс уг өвчний шинэ дэгдэлт эхэлсэн хэмээн зарласан юм. Эболагаар нас барсан хоёр дахь хохирогч нь түүний бэр эгч, 25 настай эмэгтэй байжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 25-нд нас барсан гэнэ.
"Энэ бол маш гунигтай мэдээ. Бид вирусийн халдвар авсан байж болзошгүй бусад хүмүүсийн амийг аврахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой. Одоогийн байдлаар 145 хүн хавьтлын жагсаалтад ороод байна" гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн албанд яаралтай тусламж үзүүлэх багийн ахлагч Доктор Фиона Брака CNN агентлагт илгээсэн мэдэгдэлд дурджээ.
Одоогийн дэгдэлтийн эх үүсвэрийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Экватер мужид 2018 он гарснаас хойш гурван удаа эбола вирусийн дэгдэлт гараад байгаа нь энэ юм.
Нас барсан эмэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 13-нд шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Шинж тэмдэг илэрсэн үед нь түүнтэй харьцсан байж болзошгүй хүмүүсийг хайж, эрүүл мэндийг нь сайтар хянаж байгаа ажээ.
Дөрөвдүгээр сарын 5-нд анхны өвчтөнд шинж тэмдэг илэрч, 4-р сарын 21-нд Эбола өвчнийг эмчлэх төвд эрчимт эмчилгээнд орохоосоо өмнө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж эхэлсэн. Хармсалтай нь тухайн өдрийнхөө орой нас баржээ.
Эболагийн дэгдэлтийг хурдан хяналтдаа авах талаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн бусад улсаасаа илүү туршлагатай болсон нь эерэг зүйл гэдгийг ДЭМБ-ийн төлөөлөгч онцолсон байна.
Эболагийн эсрэг вакциныг Мбандака руу илгээж, вирусийн тархалтыг зогсоож, иргэдийн амь насыг хамгаалахын тулд хавьтсан хүмүүс болон хавьтагчдыг вакцинжуулдаг "цагирган вакцинжуулалт" стратегиар ажиллаж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр БНАКУ-д нийтдээ 13 удаа Эбола вирусийн дэгдэлт гарсан бөгөөд үүний нэг нь 2018 онд эхэлж, 2300 орчим хүн хохирогч болж байв.
Экватер мужид өмнө нь 2020 онд эбола дэгдэж 130 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2018 онд 54 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдэв.
Эбола нь хүнд өвчин учир өмнөх дэгдэлтүүдийн үед нас баралтын түвшин 25%-90% хооронд хэлбэлзэж байлаа. Гэсэн хэдий ч эдгэрэх боломжийг сайжруулдаг үр дүнтэй эмчилгээнүүд одоо бий болсон.
2020 оны дэгдэлтийн үеэр вакцин хийлгэсэн бүх хүмүүсийг дахин вакцинд хамруулах аж.
1976 онд БНАСАУ-ын хойд бүс нутагт орших Эбола голын ойролцоо вирус анх илэрснээс хойш Төв Африкийн тус улсад эбола вирусийн дэгдэлт бусад улс орнуудаас илүү гарч эхэлжээ.
Эх сурвалж: CNN News