Нийгмийнхээ бүхий л төлөөллийг хөгжлийн шийдвэр гаргах үйл явцад эрх тэгш оролцуулж чадсан улс орнууд аз жаргалын индекс өндөртэй улс орон болж чадсан байдаг байна. Тэгвэл нийгмийн хөгжлийн түлхүүр болсон эрх тэгш оролцоонд юу саад болдог вэ? энэ талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Ер нь шүүмжилж болох бүх юмаар л шүүмжилдэг. Эмэгтэй улс төрч гэхээр ерөөсөө яг бурхан шиг байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа нь мэдрэгддэг. Бодож байгаа стандартаас нь жоохон доогуур хувцас хунараа өмсчхөд эсвэл зүс царайгаа даруухан байлгахад л шууд зүс царай хувцас хунараар загнадаг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Маш том нийгмийн сэдэв болгож дэвэргэж бүх нийтээрээ хэлэлцэж ярилцдаг. Эмэгтэй хүний жижигхэн бохь зажилсан ч бай зүгээр нэг юм идсэн ч бай түүнийг гадаад үзэмж болоод хэл бие илэрхийлэл дээр нь илүү том цензур тавиад байдаг. Над дээр ч гэсэн тулгамдаж байсан сэтгэгдлүүдийг харж байхад бух шиг авгай гэдэг ч юм уу тэ. Би марзганаад хэлж байсан юм. Ядаж үнээ шиг гэлдээ. Хурц хараан дор сайхан биеэ авч явах ёстой гэдэг цензурт нийцнэ гэдэг бас хүндрэлтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Ариун цэврийн хэрэгслийг олон нийтийн газар үнэгүй байршуулдаг, дунд сургуулийн охид үнэ төлбөргүй хангадаг энэ тухай асуудлыг ярихад маш их хүмүүс дэмжсэн. Мөн эсэргүүцсэн хүмүүс бас байна л даа. Жижиг улс, ядуу орны хувьд энэ ярих асуудал биш гэж шүүмжилсэн байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Улсын их хуралд байгаа эмэгтэйчүүд дотроос байдаг ч юм уу өмссөн зүүснээр нь эсвэл алдсан оносноор нь ингээд л ерөөсөө хэрэггүй, эмэгтэйчүүдийн квотыг болих хэрэгтэй. Ер нь хэрэг байгаа юм уу гэдэг ч юм уу ингээд буцаад ухарчих гээд байдаг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хэлж, ярьж байгаа агуулга дээр нь илүү сайн анхаардаг байх шаардлагатай байна. Үгүй бол улс төрийн намууд чинь гоё царайтай, гоё сайхан дуу хоолойтой, гоё хувцасладаг ийм эмэгтэйчүүдийг л хүсээд явах гээд байна шүү дээ. Тэгэхээр үүнийг бид өөрчлөх ёстой. Заавал эмэгтэйчүүд нь энэ асуудлыг хариуцдаг гэхгүйгээр үүнд бол хүйсийн ялгаварлал байхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Аль аль нь тэнцүү нийгмийн давхарга байж тэр оролцоо төлөөлөл нь бүх шатанд ойролцоо байж хүчин чадал, өөрийнхөө сонирхол хүслийг тэнцүү хэрэгжүүлэх боломж үүснэ. Чи генерал болж чадахгүй, чи Монгол улсын ерөнхийлөгч болж чадахгүй, чи Монголын хамгийн том бизнесмен болж чадахгүй, судлаач эрдэмтэн болж чадахгүй, нобелийн шагналтан болж чадахгүй гэж охиныхоо хүсэл мөрөөдөлд та хэлж чадах уу гээд эргээгээд хажуу дахь хүнээ хар гэдэг хүний үг байгаа юм. Тэгээд бодвол арай л өөр юм бодогдох юм шиг.
Олон нийт бид энэ мэт эмэгтэйчүүдээс олон зүйл хүсдэг нь энэхүү судалгааны баримтаас харагдаж байна. Тэгвэл одоо УИХ болон Засгийн газрын шийдвэр гаргах төвшинд ажилладаг эмэгтэй улс төрчдөд дээрх хүлээлт, төсөөллөөс үүдэн ямар бэрхшээл ирдэг. Үүнд эрэгтэй улс төрчид ямар байр суурьтай байдаг талаар мэдээллийг одоо үзүүлье.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийг нэг ийм хайрцагт оруулах гээд байдаг. Бид уг нь бүгд өөр, өөр мэргэжилтэй чадвартай, ажлын туршлагатай хүмүүс шүү дээ. Тэрүүгээ ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, танигдаж орж ирсэн байгаа. Ц.Мөнхцэцэг гишүүн жишээлбэл улс төрийн намын шинэчлэл, улс төрийг илүү шударга, ил тод байлгахын төлөө. Би жишээлбэл өөрөө эдийн засагч мэргэжилтэй, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, санхүүгийн асуудал дээр илүү их оролцох ёстой. Эмэгтэйчүүдийг дандаа л жендер ярих ёстой, хүчирхийллийн асуудал ярих ёстой, халамж ярих ёстой гэж илүү их ярих гээд байдаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Энэ хэний нөмөр нөөлгөөр гарч ирэв ээ гэдгийг байнга асууж, эргэлзэж байдаг л даа. Дөрвийн дөрвөн эмэгтэй сайдтай байж яагаад юм өөрчлөгдөхгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн л юм чинь зөөлөн нинжин сэтгэлтэй байх ёстой. Хүүхдүүдэд илүү анхаарах ёстой. Эмэгтэйчүүдэд анхаарах ёстой, гэмт хэргийн эсрэг дуугарч байх ёстой гэх мэтчилэн шаардлагууд байгаад байдаг. Тэгэхэд та эмэгтэй сайдын хувьд одоо ажлаа хийхэд хүнд байна уу гэдэг ч юм уу аливаа албан тушаалыг хүйсээр нь хуваах нь бас буруу байгаад байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн салбарын асуудлууд, нийгмийн чиглэлийн хэвшмэл ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн холбоотой асуудлууд, хүүхдүүдтэй холбоотой сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд л эмэгтэй хүн гэртээ ямар үүрэг гүйцэтгэдэг үү тэр үүргийг бас ерөнхийдөө хэвшмэл ойлголтоор биднээс бас нэлээд шаарддаг. Би фэйсбүүкээс хүмүүсээс санал авахад энэ чиглэлийн саналууд илүү их түлхүү хандахаас биш төмөр зам, уул уурхайн чиглэлээр арай бага ирдэг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Нийгэмд түгээмэл байгаа хямралын асуудлууд байна, тэтгэврийн зөрүү, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл зэрэг олон асуудлаар эмэгтэй гишүүд хаа байна гэж бид нийтлэгээр нь эрж хайж яагаад та нар дуугарахгүй байна вэ гэдэг шүүмжлэл их ирдэг. Гэтэл бид яг тухайн асуудал дээр төрийн бодлого боловсруулах гол түшээ гэдэг утгаараа асуудлыг бодлогын төвшинд, улсын төсвийг төвшиндөө шийдэх ажлуудыг хийгээд явж байдаг.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүд улс төрд удирдагч гэдэг дүр төрхөөрөө, ялангуяа хамгийн топ түвшний удирдагч гэдэг дүр төрхөөр ерөөсөө харагдаж байгаагүй юм билээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга гэдэг энэ гурван суудал дээр эмэгтэй хүн ерөөсөө сууж байгаагүйгээс болоод хотын дарга дээр ч гэсэн. Эмэгтэй хүнд тэнд суухаараа яг юу хийх вэ гэдгийг төсөөлдөг хүн байхгүй. Харин юуг төсөөлөөд байдаг вэ гэхээр эмэгтэй хүн гэр орон дотроо ажлыг яаж хийх вэ, компьютерын ард суугаад бичгийг яаж бичих вэ. Төсөөлж байгаа чадвар дээр маань үндэслээд та нар тэр нарийн нягт юмнуудаа бичээч. Энэ гэр бүлийн хүчирхийлэл энд тэндгүй гараад байхад эмэгтэйчүүд хаагуур байгаад байгаа юм. Юу хийсэн юм гээд яг төсөөлж байгаа ажил дээрээ биднийг харагдаач, гараач юмаа хийгээч, яриач гээд ингээд байдаг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ер нь бол энэ асуудалд эрэгтэй гишүүн ч байсан, эмэгтэй гишүүн ч байсан ялгаагүй л анхаараад л явах ёстой болов уу гэсэн л байр суурьтай байна. Эмэгтэй, эрэгтэй гишүүн байна уу үл хамаараад шийдвэр гаргах төвшинд яг ижилхэн байх учиртай. Ижилхэн байсны үр дүнд юунд хүрдэг вэ гэхээр илүү нийгэм маань хүнлэг болдог. Энэрэнгүй болдог. Бас авилга, хээл хахуулиас илүү ангид байж чаддаг.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Зүгээр л төлөөлөлтэй болгох гээд байгаадаа биш. Тэр эмэгтэйчүүдийн бүлэг давхаргыг эрэгтэйчүүдтэй адилхан тэнцүү хүчин чадлыг нь ашиглах гээд байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ард түмэн, эмэгтэйчүүд бидний төлөөлөл болж байна уу. Тойргийнхоо төлөөлөл болж байна уу, ажил хэрэгч байж чадаж байна уу гэдэг л илүү их чухал шүү дээ. Түүнээс биш ямар миссийн тэмцээнд орсон биш. Эмэгтэй хүүхдүүдээ ч гэсэн хүсэх юм бол Монгол улсын ерөнхийлөгч болж болно шүү дээ гэдэг тийм итгэл үнэмшилтэйгээр өсгөж, хүмүүжүүлэх ёстой. Өрсөлдөх талбар Монгол улсын 3,3 сая иргэнд хүн болгонд адил тэгш байх ёстой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Аливаа ажил жишээлбэл сайд нарыг аваад үзэх юм бол эрэгтэй эмэгтэй сайдын чиг үүрэг эмэгтэйчүүдэд нь илүү хөнгөн байгаад эрэгтэйчүүдэд нь илүү хүнд байдаг гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Энэ дарга болох гээд байгаа эмэгтэйчүүдийн асуудал ерөөсөө биш. Энэ бол салбар бүрд хүйсийн тэнцвэрт байдлыг л хадгалахын төлөө, хүйсийн эрх тэгш байдлын төлөө асуудал байгаад байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Их хурлын гишүүн бол их хурлын гишүүн. Эмэгтэй байна уу эрэгтэй байна уу ялгаа байхгүй ижилхэн үүрэгтэй, ижилхэн эрхтэй. Энэ тал дээр их хурлын гишүүдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгахгүйгээр үндсэн хуульд заасан Монгол улсын их хурлын гишүүн бол нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэсэн чиг үүргээ биелүүлж ажиллахыг л сонгогчид биднээс шаардах ёстой. Ер нь бол эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу хүйсийн хязгаарлалт байхгүйгээр чадвартай нь ажлаа хийдэг, ижилхэн боломжтой, ижилхэн өрсөлдөөний орчинд үйл ажиллагаа, нийгмийнхээ амьдралд идэвхтэй оролцоотой явах энэ нөхцөлийг л бид гаргах учиртай.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэгш эрх гэхээсээ илүү энэ чиглэлээр зохистой харьцааг л алдахгүй байх ёстой.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Ер нь бол жинхэндээ бол бид адилхан л хүн шүү дээ.
Нийгмийн тэгш оролцоонд юу саад болж байна вэ гэдэг асуултад хариу авахын тулд энэ удаа манай төрийн эрх барих дээд байгууллага Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг сурвалжиллаа. Монгол улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд боловч ард иргэдийн төлөөллийн байгууллага болох УИХ-д ердөө 17 хувь байна. Яагаад төлөөллийн байгууллагад төлөөлөл хангагдаж чадахгүй байна вэ. Бид нийгэмдээ бий болгосон хэвшмэл ойлголт түүнээс үүдсэн ямар ч үндэслэлгүй хүлээлтийн улмаас эмэгтэйчүүдийг төгс байх ёстой гэж шаарддаг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байх нэг үндсэн шалтгаан болж байгаа нь энэхүү мэдээнээс харагдаж байна. Мэдээний эхэнд дурдсанчлан хүйсийн зохистой харьцааг засаглалын бүх түвшинд хангаж чадсан улс орнуудын аз жаргалын индекс өндөр байдаг төдийгүй эдийн засгийн өсөлт өндөр, авлига хээл хахуул бага байдаг байна. Тиймээс хэвшмэл ойлголтод хүлэгдэж аль нэг хүйст өндөр шаардлага тавьж ялгаварлахгүйгээр аливаа сонголтыг хийж чадвал нийгмийн тэгш оролцоо хангагдах боломжтой юм.