Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы хувь эзэмшдэг “Оюуны ундраа групп” болон түүний төрсөн ах С.Ганбатын эзэмшдэг “Нордстар минералс” компаниуд АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт нийт 4,5 сая ам.долларын төлбөр төлөх ёстой ч бултаж зугтсаар өдийг хүрчээ. “Уурхай худалдаж авсны төлбөрөө яаралтай барагдуул” гэсэн шийдвэр Хонгконгийн Арбитрийн шүүхээс аль хэдийнэ гарсан ч, өрөө төлөхгүй, “луу унжсаар” ирсэн баримт байна.
Асуудал ингэж эхэлжээ
2012 оны арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын иргэн Жэймс Ф.Баур нь өөрийн эзэмшлийн “SS Mongolia” компани буюу ашигт малтмалын уурхайгаа “Оюуны ундраа групп”-ын харилцан хамаарал бүхий компани болох “Нордстар минералс” компанид нийт 3,5 сая ам.доллараар худалджээ. Энэ уурхай нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Гянтболд буюу Вольфрамын уурхай юм байна. Тухайн үед “Оюуны ундраа групп” “Нордстар минералс” компаниараа дамжуулан Америкийн иргэнээс уул уурхайн компанийг нь худалдан авахдаа төлбөрөө нарийн хуваарийн дагуу төлөхөөр гэрээлжээ.
Ингэхдээ төлбөрийг эргэн төлөлтийг дараах байдлаар тохирсон байна. Үүнд:
– Гэрээнд гарын үсэг зурснаас ажлын 5 өдрийн дотор 500 мянган ам.доллар
– Ажлын 15 өдрийн дотор 1 сая ам.доллар
– Үлдсэн хоёр сая ам.долларын төлбөрийг улирал бүр 250 мянган ам.доллараар хуваан 8 удаа төлөхөөр болжээ.
Гэвч, компани эхний 500 мянган ам.долларын төлбөрийг хугацаандаа хийгээд, хоёр дахь төлөлтийг хийгээгүй тул 1 сар хагасын дараа буюу арванхоёрдугаар сарын 20-нд талууд гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж, хуваариа өөрчилсөн байна. Өөрчлөхдөө үлдсэн 3 сая ам.долларын төлбөрийг 250 мянган ам.доллараар 12 удаа хувааж төлөхөөр тохирчээ. Төлбөрөө төлөх баталгаа болгож, шинэчилсэн гэрээгээрээ “Нордстар Минералс” компани нь худалдан авсан “SS Mongolia” компанийн хувьцаагаа АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт барьцаалуулж, худалдан авагч тал гурван жилийн дотор төлбөрөө барагдуулах үүрэг хүлээлгэсэн байна. Уг гэрээнд “Нордстар минералс” компани төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Оюуны ундраа групп” өмнөөс нь төлөх баталгаа гаргасан ба “Оюуны ундраа групп” компанийг төлөөлж С.Амарсайхан гарын үсгээ зурсан байдаг. Гэвч, гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө төлөөгүйгээс асуудал Арбитрийн шүүх хүртлээ хурцдаж, өдийг хүрээд байна.
“Оюуны ундраа групп”-ыг хохирлоо барагдуулахыг даалгасан Арбитрын шүүхийн шийдвэр гарчээ
Уул уурхайн компаниа алдсан АНУ-ын иргэн Жэймс Ф.Баур хохирлоо барагдуулахаар Олон улсын арбитрийн шүүхэд хандсан байна. Улмаар 2019 оны гуравдугаар сарын 8-нд Хонгконгийн Олон улсын арбитрийн төвөөс түүний хохирлыг бүрэн барагдуулж өгөх тухай шийдвэр гаргажээ. Арбитрийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс захирамж гаргасан байна. Уг захирамжаар Арбитрийн шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан байдаг. Тодруулбал,
Үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүүгийн хамтаар буюу нийт 3 сая 571 мянга 178 ам.доллар,
Арбитрийн шүүхэд хандсан нийт зардлын 80 хувь болох 817 мянга 024.29 ам.долларыг төлөхийг “Оюуны Ундраа Групп” болон “Нордстар Минералс” компаниудад даалгажээ. Мөн 4,5 сая ам.долларын төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл жилийн 6 хувиар бодож, /улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэйгээр/ төлөх үүргийг хүлээсэн байна. Өнөөдрийн байдлаар, сард 18 мянган ам.долларын хүү бодогдож байгаа хэдий ч тэд авч хэлэлцэхгүй өдийг хүрч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Оюуны Ундраа”-гийн талд үйлчилж байна уу?
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Арбитрийн шүүхийн шийдвэрийг ч тоодоггүй “Оюуны ундраа групп” компани, түүний харилцан хамаарал бүхий компанийг өөгшүүлж ирсэн баримт байна. Учир нь, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны зургаадугаар сарын 10-нд “Оюуны ундраа Групп”, “Нордстар минералс” компаниудын дансыг битүүмжилжээ. Гэвч, үүнээс 7 хоногийн дараа буюу 2019 оны зургаадугаар сарын 17-нд тэдний хүсэлтээр “Оюуны ундраа групп” компанийн дансыг нээсэн байна. Уг нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн компани хохирлоо барагдуулж дууссан үед л дансыг нь нээдэг. Гэтэл, төлбөрөө барагдуулаагүй байхад нь дансыг нь хаасан нэр зүүгээд өнгөрсөн нь хэний эрх ашгийг хамгаалж байна вэ? Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, түүний хамаарал бүхий компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нөлөөлж байгаа юм биш биз” хэмээн төлбөр авагч хардаж байна.
Алтыг нь авчихаад авдрыг нь буцаан өгч болох уу?
Хотын дарга С.Амарсайханы эзэмшдэг “Оюуны ундраа групп” болон түүний төрсөн ах С.Ганбатын эзэмшдэг Нордстар минералс компаниуд төлбөрөө төлөхгүй гүрийж байгаа нь бас нэг шалтгаантай. Тэд нэгэнт 4,5 сая ам.доллараа төлж чадахгүй болсон тул ашигласан уурхайг нь эргүүлж өгөхөөр санаархаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, одоогоос 8 жилийн өмнө авч, тасралтгүй ашиглаж ирсэн волфрамын уурхайгаа буцаагаад ав гэж тулгах санаархалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч, компани төлбөрөө төлөхгүй байгаа учир уурхайг нь л төлбөрт авах боломжтой гэх тайлбарыг хэлсэн байна. Гэвч, үүнтэй хохирогч санал нийлэхгүй байна.
Байгалийн баялаг гэдэг хэмжээ хязгаартай. Нөөц нь нэг л өдөр дуусна. Гэтэл олон жилийн хугацаанд баялгийг нь сорчилж ашиглачихаад эргүүлээд уурхайгаа ав, бид төлбөрөө төлөхгүй гэж шүүхийн өмнөөс тоох ч үгүй хэлж суугааг юу гэж ойлгох вэ? Хотын дарга С.Амарсайхан, түүний төрсөн ах С.Ганбат нар арбитрийн шүүхийн шийдвэрийг үл тоож, 12-13 тэрбум төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй, бусдыг хохироосоор байх уу?
Өнөөдөр хотын дарга С.Амарсайхан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хууль, шударга ёс ярьж явна. Тэр наанаа ингэж шударга царайлчихаад тэд цаагуураа хэрхэн бусдыг хохироож ирснийг дээрх баримтууд нотолж байна. Хотын дарга аа! Нэр цэвэр хүн хэмээн өөрийгөө магтуулж, хууль тогтоох байгууллага руу санаархаж явах энэ үедээ та шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, өр төлбөрөө төлөхгүй байгаагаа мартчихсан хэрэг үү? Хуулийн хамгаалалтанд орж, өрөө цайруулна гэж бодож яваа юм биш биз?
Хүн бүр хуулинд захирагдах ёстой. Ичих нүүр, ёс зүй өчүүхэн ч гэсэн байгаа бол өрөө бушуухан төлөхийг хохирсон иргэн, хуулийн байгууллагаас зэрэг шаардаж байна.