Монголчууд бид жилд 6 сая орчим гутал хэрэглэдэг гэж үзвэл үүний ердөө нэг саяыг дотооддоо үйлдвэрлэдэг. Харин үлдсэн таван саяыг гадаадаас импортоор оруулж ирдэг. Хэрвээ бид түүхий эд болон арьс ширний үйлдвэрээ зөв зохион байгуулалттай ажиллуулж, ашиглаж чадвал улсдаа жилдээ 1.1 их наядын орлого оруулахаас гадна 10 мянган ажлын байр бий болох талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан мэдээллээ. Мөн бид түүнээс арьс ширний салбарт ямар асуудлууд тулгараад байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, “Манай малчид малдаа стандартын цаг хугацаандаа ариутгал туулгалт хийхгүй байгаагаас үүдэн хонины арьс гэхэд 80-90 хувь нь хачиг хувалзны сорвитой байгаа. Ямааны хувьд, монгол ямааны бараг 40 хувь нь хамуурсан шүү дээ. Хамуу хачигны сорвитой арьс гадаад зах зээл дээр үнэ хүрэхгүй. Арьс бол махны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн буюу хаягдал. Энэ талаас төрийн бодлогоор маш олон зүйлийг хийх хэрэгтэй. Түүхий эдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй байна.
Мөн дотоодын зах зээлээ хамгаалсан хуультай болох хэрэгтэй байгаа юм. Ингэх юм бол бид их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дотоодын зах зээл дээрээ их хэмжээгээр борлуулна. Цаашлаад Монголдоо том тоглогч болчих юм бол гадаадын зах зээл дээр борлуулж болно. Ингэх юм бол хэдэн зуугаараа Солонгос яваад байдаг залуучууд Монголдоо, ээж аав, гэр бүлийнхээ дэргэд амьдраад, Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн ядаж 50 хувийг авдаг болно. Жилдээ бүх төрлийн татвараар 200 тэрбумыг нийлүүлэх боломжтой. Үүгээр зогсохгүй 1.1 их наяд төгрөг олох, 10 мянган ажлын байр бий болгох боломжтой ийм л том салбар гэв.
Харин бид 1934 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн Булигаар арьс ширний үйлдвэрт ирж, тулгамдаад буй асуудал болоод үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг талаар тодрууллаа.
Энэ талаар Мон-Ит Булигаар ХК-ийн химийн боловсруулах цехийн мастер Ц.Оюунбилэг, “Би энэ үйлдвэрт 38 жил ажиллаж байна. Манай үйлдвэрт гэхэд ажиллах хүч эрс багассан. 1.200.000-аас дээш цалин авдаг. Хоол унд унааны мөнгө өгөөд байхад л ажиллах хүч байхгүй. Арьс ширний үйлдвэр хэцүү хортой, хүнд гээд ойлгочихсон тал байгаа юм. Нормын хувцас, өдрийн цайны цаг, өглөө 08:00-17:00 хүртэл ажилладаг гээд ачаалал бага шүү дээ. Нийгмийн даатгалыг нь ч төлнө.Ийм байхад л ажиллахгүй юм. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болоод байна уу. Амар хялбар аргаар мөнгө олох гээд байна уу. Арьс ширний чиглэлээр сурч байгаа хүн ховор байна. Гэсэн ч ирсэн хүмүүстээ ажиллах арга барилыг нь заагаад, сургахад хүн чадахгүй юм тун ховор” гэлээ.
Мөн бид Туркэд энэ чиглэлээр сурч мэргэшсэн залуу боловсон хүчин, Мон-Ит Булигаар ХК-ийн технологич, инженер Б.Баттүшигээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Энэ салбарт ажиллаад зургаан жил болж байна. Би хүсэл сонирхлоо дагаад ажиллаж байгаа юм. Их хэмжээний арьс шир зах зээлд нийлүүлэгддэг. Үүнийг боловсруулаад цаашдаа нэмүү өртөг шингээгээд явах нь энэ салбарын том үүрэг. Үүнд гар бие оролцоод явж байгаа нь их сайхан санагддаг. Манай үйлдвэр үндсэндээ гурван цехтэй. Химийн боловсруулах цех, хатаах цех, гүйцэтгэх цех гээд. Нийт 70 гаруй ажилтантай. Нийт үйлдвэрлэлийнхээ 80-90 хувьд нь үхрийн арьс боловсруулж гутлын зориулалттайгаар гаргадаг. Дотооддоо сайн чанарын арьс бэлтгэн нийлүүлэх нь бидний эхний гол зорилго” гэсэн юм.